Бие даан нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч байна

Орон нутагт | Говь-Алтай
tsoodol@montsame.mn
2016-09-02 22:58:25

Говь-Алтай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан аймгийн Сонгуулийн хороо сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох сонгуулийн ажлыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, бэлтгэл зохион байгуулалтыг хариуцан, санал хураалтын дүнг нэгтгэн гаргах үүрэг хүлээн ажиллаж байна.

Аймгийн Сонгуулийн хороо хуулийн хугацаанд анхдугаар тогтоолоороо сумдын Сонгуулийн хороодын бүрэлдэхүүнийг томилон үйл ажиллагааг нь эхлүүлжээ. Энэ удаагийн нутгийн өөрөө удирдах ёсны байгуулагаа сонгох хариуцлагатай сонгуульд сонгогчдыг идэвхтэй оролцуулахын тулд орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан сонгуулийн ач холбогдол, сонгогчдын боловсролд зориулсан сурталчилгааг хуульд заасан хугацаанд хийхээр төлөвлөн гэрээ байгуулан ажиллаж байгаа ажээ. Сумдын Сонгуулийн хороод нам,  эвслээс сонгуульд оролцох хүсэлтийг хүлээн авчээ.

Алтай, Бигэр, Дарив, Дэлгэр, Тайшир, Халиун, Цогт, Цээл, Чандмань, Шарга сумдад МАН, АН, бусад сумдад МАН, АН, МАХН-ууд оролцох хүсэлтийг ирүүлсэн байна. Бие даан нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч байна. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор мандатын тоогоо тогтоосноор тус аймгийн Дарив, Жаргалан, Тайшир, Шарга сумууд 15, Есөнбулаг сум 31, бусад сумууд 21 мандаттай байна.

                                                                                                  Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ