Алга болсон хүүхэд олдоогүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-09-03 11:35:54

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 5 дугаар багийн малчин айлын 3 настай эрэгтэй хүүхэд алга болсон гэх мэдээлэл өчигдөр 16 цагийн орчимд аймгийн Онцгой байдлын хэлтэст иржээ.

Хүүхдээ унтаж байхад аав нь 14 цагийн үед хониндоо яваад 2 цаг болоод ирэхэд хүүхэд нь алга болсон байжээ. "Уг нь гэрээ гаднаас нь цүүлээд явсан" гэж дуудлага өгөхдөө хэлсэн байна. Тус газар голоос 4 км орчим зайтай, ойр хавиар нь айлууд олонтой ч хүү ер харагдаагүй алга болжээ.

Мөн цагаас хойш тус сумын хэсгийн төлөөлөгчтэй, ЗДТГ-ын ажлын хэсэг хамтран хайснаас гадна тэр хавийн саахалтын 40 орчим хүн хайлцсан ч олоогүй байна. Тиймээс аймгийн Онцгой байдлын газраас үүрийн 5 цагийн орчимд 7 хүний бүрэлдэхүүнтэй баг мөн тийш явжээ.

Тус газар нь аймгийн төвөөс 100 гаруй км зайтай бөгөөд даваа гүвээ давсан бэрх замтай, дээр нь урд шөнө цас, бороо холилдон орж хүйтэн хоносноор эрэн хайх үйл ажиллагаа багагүй бэрхшээлтэй байгаа аж.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ