ӨМНӨГОВЬ: "Хаврыг цэмцгэр угтъя" аян Даланзадгад суманд өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-03-24 08:20:47

Даланзадгад /МОНЦАМЭ/ Даланзадгад хотын өнгө үзэмжийг сайжруулах, эрүүл аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор "Хаврыг цэмцгэр угтъя" сарын аяныг зарлаад байна.

 

Даланзадгад хотын Захирагчийн ажлын албанаас тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд болон 8 багийн нийт айл өрхүүд өөрийн эзэмшлээс гадагш 50 метр доторх хог хаягдлаа цэвэрлэж орчноо тохижуулахыг уриалсан бөгөөд иргэд идэвхтэй хамрагдлаа.



 

Мөн тус аяны хүрээнд “Энэ миний хаясан хог биш, гэхдээ энэ бидний Даланзадгад хот” уриалга, “Зөв шаардлага эерэг хандлага" сэдэвт видео контентын уралдааныг 2023 оны 3 дугаар сарын 20-ноос 4 дүгээр сарын 20-ныг хүртэл хүүхэд залуусын дунд зохион байгуулж байна.



 

"Хаврыг цэмцгэр угтъя" аяны зорилго нь орчны бохирдлыг багасгах, байгальд ээлтэй, иргэдэдээ аюулгүй хоггүй цэмцгэр Даланзадгад хотыг бүтээхэд олон нийтийн ухамсар, үүрэг оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх юм.

 

Даланзадгад хотын Захирагчийн ажлын албаны дарга Н.Лувсанбаяр

 Манай аймгийн хувьд хавартаа шороогоор их шуурч, салхи ихтэй байдагтай холбоотойгоор хотын байшин барилгын өнгө үзэмж муудах, хог хаягдал нэмэгдэх хандлага их байдаг. Тиймээс манай Захирагчийн ажлын албанаас санаачлан иргэдтэйгээ хамтран төрөлх хотынхоо өнгө үзэмжийг сэргээх олон талт ажлыг үе шаттай зохион байгуулдаг.

Бид ААНБ, айл өрхүүд орчны хог хаягдлыг цэвэрлэх мөн өөрийн эзэмшилд байгаа явган зам, хашаа, авто зогсоолоо будаж сэргээх, засварлах, ногоон байгууламж, бут сөөгийг тарих зэрэг бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна. Түүнчлэн хүүхэд залууст гудамж талбайд ил задгай хог хаяхгүй байх соёлыг түгээх, хог хаягдал байгаль орчинд хэр хор хөнөөлтэй талаар зөв мэдлэг, мэдээллийг өгөх зорилгоор уриалга болон уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж байгаа.

 

Холбоотой мэдээ