СҮХБААТАР: Сүрьеэгийн өвчлөл улсын дунджаас бага ч, бусад аймгаас их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-03-24 11:42:08

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр жил бүрийн 3 дугаар сарын 24-нд тохиодог. Сүхбаатар аймагт жилд сүрьеэ өвчний 60-68 шинэ тохиолдол бүртгэгддэг. Улсын дунджаас бага өвчлөлтэйд ордог ч бусад аймагтай харьцуулахад харьцангуй өндөрт тооцогдож  байна.

Ялангуяа сүүлийн жилүүдэд тус аймагт сүрьеэгийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Өвчлөл их байгаа нь илрүүлэлт сайн байгаатай холбоотой гэж үзэж байна. Тус аймагт үзлэг оношилгоог жил бүр явуулын амбулаториор хийдэг. Өнгөрсөн онд 800 гаруй иргэнийг уг үзлэгт хамруулснаас 90 орчим эерэг болон сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.

Орон нутагт сүүлийн үед гэр бүлээрээ өвчлөх тохиолдол цөөнгүй байна. Тиймээс өрхийн нэг гишүүн өвчилсөн бол бусад гишүүн тогтмол эмчийн үзлэгт хамрагдаж, урьдчилан сэргийлэх шинжилгээ өгч хэвших хэрэгтэй. Эрт илрүүлж эмчилгээгээ тогтмол хийлгэж чадвал сүрьеэ эдгэрдэг өвчин. Тасагт жилд 90-95 хүн хэвтэн эмчлүүлдэг. Нийт эмчлүүлэгсдийн 90 гаруй хувь нь бүрэн эдгэрдэг. Өвчний үндсэн шалгаан нь архи, тамхи зэрэг хорт зуршлын хэт их хэрэглээ, амьдралын буруу хэвшилтай холбоотой гэдгийг АНЭ-ийн сүрьеэгийн тасгийн их эмч У.Мөнхтуул хэллээ.

Өвчний хүндрэлээс шалтгаалж эмнэлэгт хоёр ба түүнээс дээш сараар хэвтэн эмчлүүлэх, эмчийн хяналтад байж зохих гам, дэглэмээ сайтар барих шаардлагатай. Мөн иргэд сайн дураараа үзлэг шинжилгээнд хамрагдаж, сүрьеэ өвчнөөс урьдчилан  сэргийлэхийг анхаарууллаа.

 

Холбоотой мэдээ