“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2023-03-24 15:41:02

ВАШИНГТОН. /SpaceNews/. Америкийн “Relativity Space” компанийн гурван хэмжээст /3D/ принтерээр “хэвлэсэн” анхны пуужин  болох “Terran 1” дэлхийн тойрог замд орж чадаагүй байна. 


Уг пуужинг гуравдугаар сарын 23-нд АНУ-ын Флорида муж улсын Канавералын хошуун дахь сансрын буудлаас хөөргөжээ. Метан хийгээр ажилладаг есөн “Aeon 1” хөдөлгүүрээр тоноглосон эхний угсраа нь пуужинг хөөргөснөөс 2 минут 45 секундийн дараа хоёр дахь угсраанаас амжилттай салжээ. 


Үүний дараа пуужингийн хоёр дахь угсрааны /хурдасгуур блок/ хөдөлгүүр ассан боловч хэсэг хугацааны дараа удааширсан байна. 


Гэсэн хэдий ч “Relativity Space” компани 85 хувийг нь “3D” принтерээр бүтээсэн пуужингийнхаа эхний туршилтын хөөргөлтийн үр дүнд сэтгэл хангалуун байна. Тус компанийнхан “Terran 1”-ийн туршилт үргэлжилнэ гэж найдаж байгаа бөгөөд энэхүү пуужингаас илүү том, дахин ашиглах боломжтой “Terran R” зөөгч пуужинг бүтээхээр ажиллаж байгаа аж. Уг пуужинг 2024 онд хөөргөхөөр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ