ГОВЬ-АЛТАЙ: Уур амьсгалын өөрчлөлт нийгэм, эдийн засагт хамгийн их нөлөөлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-03-30 11:19:39

Есөнбулаг  /МОНЦАМЭ/. "Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эмзэг байдлыг бууруулахад шинжлэх ухааны мэдээлэлд тулгуурлан бодлого боловсруулах аргазүйд сурган чадавхжуулах нь" төслийн нээлт Алтай хотод боллоо.


Төслийн нээлтэд ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Рэгдэл, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар холбогдох албаны төлөөлөл, төсөл хэрэгжиж буй сумдын ЗДТГ-ын алба хаагч, иргэд оролцов.

Монгол Улсын Шинжлэх ухааны академи ахлан БШУЯ, Тогтвортой ноос ноолуурын холбоо, Говь-Алтай аймгийн ЗДТГ, Япон улсын Байгаль нийгмийн хүмүүнлэгийн хүрээлэн, Хятад улсын Агаар мандлын судалгааны хүрээлэн хамтран энэхүү олон улсын төслийг хэрэгжүүлж буй ажээ.


Төслийн талаарх мэдээллийг Шинжлэх ухааны академийн Удирдлага төлөвлөлт, гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Сувданцэцэгээс тодрууллаа.


"Энэхүү төслийг Монгол Улс ахлан хэрэгжүүлж буй ба Монгол талаас Говь-Алтай аймагт, БНХАУ-аас ӨМӨЗО-ы хоёр мужид хэрэгжүүлж байна. Говь-Алтай аймгийн таван сумыг сонгон төслөө хэрэгжүүлж байгаа. БНХАУ болон манай улсын хамтарсан баг төсөлтэй холбоотой суурь судалгааг 2012 оноос эхлэн хийсэн. Бид энэхүү судалгаагаа үндэслэн цаашид юун дээр анхаарах, бодлогын баримт бичигт тэрхүү судалгааны үр дүнгүүдийг оруулах зорилгоор төслөө хэрэгжүүлж байгаа.

Төслийн бодлого төлөвлөлт боловсруулахад хамтарсан багийн гишүүд болох аймаг, сумдын холбогдох нэгж албаны алба хаагчид, малчид, иргэд  судалгааны үр дүнг харж байгаад өөрөөр хэлбэл энэ суманд ийм асуудал тулгамдаж байгаа юм байна, ийм эрсдэлд орсон юм байна мөн урьдчилан сэргийлэх, даван туулах боломжууд ч мөн адил байгаа юм байна гэдгийг тусгасан бодлогын бичиг баримт, зорилттой болох богино, дунд хугацааны төлөвлөлтийг боловсруулах юм. Бид хамтарсан багийнханд төлөвлөлтийг боловсруулах арга замыг зааж өгч, чадавхжуулан, холбогдох мэдээлэл зөвлөмжийг хүргэхээр төслийн сургалтаар зохион байгуулж байна. Төлөвлөлтийг боловсруулах явцад олон улсын баг зөвлөж  аргазүйгээр ханган хэрэгжүүлэх юм" гэлээ. 


Төслийн хүрээнд Говь-Алтай аймгийн таван сумаас тус бүр арван хүн, өөрөөр хэлбэл Монгол Улсаас 50 орчим, БНХАУ, ӨМӨЗО-ы хоёр мужаас 20, нийт 70 орчим хүнийг шинжлэх ухаанд суурилсан бодлого боловсруулах тухай чадавхжуулах сургалтад хамруулж эцэст нь шинжлэх ухаанд суурилсан орон нутаг хөгжүүлэх бодлогын төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлэх ажээ.


Энэхүү төслийн суурь судалгаагаар Говь-Алтай аймаг уур амьсгалын нөлөөнд хамгийн их өртөж байгаа, тэрхүү нөлөөлөл нийгэм, эдийн засагт хамгийн их нөлөлж байгаа нь харагджээ. Мөн боломжууд ч их байгаа нь давуу талын судалгаагаар гарсан байна. Одоо үүнийг төлөвлөлтдөө оруулж хэрэгжүүлж үр дүнг нь хүртэх нь чухал юм гэдгийг холбогдох албанаас онцлон мэдээлэв.

Төсөл 2022 оны 10 дугаар сараас 2024 оны 10 дугаар сар хүртэл хоёр жилийн хугацаанд хэрэгжих юм.

Сонирхуулахад, Говь-Алтай аймгийн тухайд 1960 оны үед шороон шуургатай өдрүүд жилд 6-8 байсан бол өдгөө жилд 130 өдөр болж нэмэгдсэн. Энэ нь говьд ургадаг загийг түлшинд их хэмжээгээр хэрэглэж байгаа нь салхи үүсэж, шороогоор шуурах нөхцөл бий болсон гэж цаг уурчид үзэж буй юм.

Холбоотой мэдээ