О.Мэндсайхан: Замын-Үүд өртөөний хүчин чадал хоёр дахин нэмэгдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2016-09-05 11:30:52

Дорноговь аймгийн Замын-Үүд нь байнгын 16,000 оршин суугчтай Монгол Улсын томоохон сумын нэг юм. Замын-Үүд өртөө анх байгуулагдаж,  Монгол Хятадын хооронд галт тэрэг зорчих болсноос хойш 60 жил өнгөрчээ. 9 дүгээр сарын 2-ны өдөр тус суманд Замын-Үүдийн Бүсийн Ложистикийн төвийн шавыг тавьж, барилга угсралтын ажил эхэлсэн юм. Энэ үеэр Замын-Үүд өртөөний дарга О.Мэндсайхантай ярилцлаа.

-Замын-Үүд өртөөний ачаа тээвэр, зорчигчийн хоногийн эргэлт ямар байна вэ?

-Өнөөдрийн бодит байдлаар, хамгийн багаар бодоход 2000 зорчигч ирж буцдаг. Ачаа тээврийн хувьд бол яг өнөөдрийн байдлаар Улаанбаатар Төмөр Зам дээр Орос болон Монголоос Хятадыг чиглэсэн 1700 орчин вагон байна. Замын-Үүд өртөө нь хоногтоо 8-10 галт тэрэг буюу 500 орчим вагоныг өргөн царигаар хүлээж авч байгаа. Нарийн царигаар буюу Хятадаас хоногтоо дунджаас 3-4 галт тэрэг буюу 150-200 вагоныг хүлээн авч, шилжүүлэн ачилт хийж байна.

-Замын-Үүд өртөөний түүхээс хуваалцаач.

-1956 оны 1 дүгээр сарын 3-нд Монгол Хятадын хооронд анхны галт тэрэг зорчсоноос хойш, Монгол улсын урд хил дээрх төмөр замын өртөөг Замын-Үүд нэртэйгээр байгуулснаас нэгэн жаран өнгөрчээ. 2016 оныг энэ түүхэн ойн нэрэмжит жил болгон зохион байгуулж байна. Энэ ойн хүрээнд 2016 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр 60 жилийн ойн нэрэмжит галт тэргийг зэргэлдээ зам руугаа Эрээн өртөөнд хүлээлгэн өгсөн. Энэ бол ганц Замын-Үүд өртөөний 60 жил бус, Замын-Үүд зангилаа, боомт болон үүнтэй холбогдсон бусад төмөр замын салбар нэгжүүдийн түүхт 60 жилийн ой юм.

Би 1994 онд Улаанбаатар Төмөр Зам ХНН-д ажилд ороод Замын-Үүдэд ирж, дагалдан сумчингаар ажиллаж байлаа. 2012 оноос Замын-Үүд өртөөний даргаар томилогдсон. Намайг анх ирж байхад өртөө маань хүлээн авч, явуулах 7 замтай байсан бол одоо 13 замтай, замын ашигтай урт буюу хамгийн урт нь 55 вагон багтдаг байсан бол одоо хоногтоо ачааны 12 хос галт тэрэг, зорчигч тээврийн 3 хос галт тэрэг явуулдаг, 2000 орчим вагон ачаа боловсруулалт хийдэг боллоо. Тухайн үед байнгын оршин суудаг 5000 орчим хүнтэй байсан бол одоо дөрөв дахин өссөн байх жишээтэй.

-Энэ жил Замын-Үүдэд Бүсийн Ложистикийн төв баригдахаар болж, барилга угсралтаа эхлүүллээ. Тус төв нь Замын-Үүд өртөөний үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх вэ?

-Улаанбаатар Төмөр Замын шилжүүлэн ачих байгууламж гэж ачилтын гурван үндсэн талбайтай Замын-Үүдийн шилжүүлэн ачих анги гэж бий л дээ. Шингэн ачааг шилжүүлэн ачих байгууламж зэрэг 40 орчим төмөр замын салбар нэгж сэлгээний үйл ажиллагааг явуулж байгаа. Бүсийн Ложистикийн төв буюу шилжүүлэн ачилтын байгууламж байгуулагдсанаар энэ талбай, замуудад хөдлөх бүрэлдэхүүнийг ачилтад тавих, ачигдсан вагоныг тухайн салбар замаас татаж аван галт тэрэг болгон найруулах, дотоодод болон транзитаар тээвэрлэх гэх мэт ажлууд урган гарах юм. Ингэхээр манай хүчин чадал, үйл ажиллагаа, ачаалал одоогийнхоос дор хаяж хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг.

-Саяхан гурван улсыг дамжин өнгөрөх авто тээврийн туршилтыг хийсэн шүү дээ. Авто тээврийн салбарт хийгдсэн энэ алхам төмөр замын салбарт хэрхэн тусах бол?

-Авто тээвэрт өөрийн гэсэн давуу тал байна л даа. Авто тээвэр ачааг хаалганаас хаалганаас хүргэдэг давуу талтай. Бид ерөнхийдөө төмөр замын суурь бүтэц, хүчин чадлаа нэмэгдүүлэх, тухайлбал галт тэрэгний хурдыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Галт тэрэгний хурдыг нэмэгдүүлэхтэй холбоотой зам, холбоо техник зэрэг орчин үеийн шинэлэг тоног төхөөрөмжтэй болгох зэрэг зорилттой ажиллаж байна. Улмаар төмөр замыг цахилгаанжуулах, хос замтай болгох зэрэг ажлыг хийж байж бусад тээвэрлэгчидтэй өрсөлдөнө. Нэг ёсондоо тээвэрлэлтийн өрсөлдөөн шүү дээ. Тэр өрсөлдөөн дунд бид өөрсдийн давуу талыг ашиглаж, хүчин чадлаа сайжруулж оролцох юм.

Сүүлийн жилүүдэд Монголын болон дэлхийн эдийн засгийн байдал зэрэг төмөр замаас шууд бус хамаарах хүчин зүйлүүдээс улбаалан төмөр замын ачаа эргэлт буурсан байж болох ч төмөр замын салбар дахиад оргил руугаа хандах төлөвтэй болж байна гэж ойлгож байгаа. Монголоор буюу Улаанбаатар төмөр замаар дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх, хоёр хөршийнхөө төмөр замтай нягт хамтран ажиллах, Зүүн Өмнөд Ази, Азиас Монголоор дамжин Европ, Баруун Европыг чиглэн гарах ачааг нэмэгдүүлэх, мөн эсрэг чиглэлийн транзит тээврийг нэмэгдүүлэх зэрэг сорилтууд бидний өмнө байна. Улаанбаатар Төмөр Зам Ази, Европыг холбосон хамгийн дөт буюу 1100 километр урт замтай. Энэ давуу талаа ашиглах хэрэгтэй юм. Улаанбаатар Төмөр Замаар жилдээ 20 орчим сая тонн ачаа тээвэрлэж буйгаас транзит болон орон нутгийн тээврийн нэмэгдүүлэх замаар 2018 он гэхэд энэ хэмжээг 34 сая тоннд хүргэх зорилт тавиад байна.

 

 

Холбоотой мэдээ