ЗАВХАН: Малын тоо толгойн албан татварыг сум, орон нутгийн төсөвт төвлөрүүлж буй нь үр ашигтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-03-30 11:02:22

Улиастай/МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд малын тоо толгойн албан татварын гүйцэтгэл 96.8 хувьтай байна.

Малын тоо толгойн албан татварын хууль 2020 оны 11 дүгээр сарын 13-нд УИХ-аар батлагдаж, 2021 оны 1 дүгээр сарын 1-нээс улс орон даяар хэрэгжиж, дагаж мөрдөж байгаа билээ.


Завхан аймаг 2021 онд, 24 сумын малын тоо толгойн албан татвар 700 сая төгрөгийг төлөвлөснөөс татварын орлогыг 81.8 хувьтай биелүүлжээ. Харин 2022 онд сумдын малын тоо толгойд үндэслэн, ИТХ-ын шийдвэр, тогтоолын дагуу 800 сая төгрөгийг төлөвлөснөөс 96.1 хувьтай биелүүлжээ.

2023 онд сумдын малын тоо толгойд үндэслэн, 842.4 сая төгрөгийн татварын орлогыг төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар орлогын төлөвлөгөө 7.5 хувьтай байна.


“Малын тоо толгойн албан татварын хуулийн 7.1-д заасны дагуу албан татвар төлөгч нь ногдуулсан албан татварыг хоёр тэнцүү хуваан тухайн жилийн 7 дугаар сарын 15 болон 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор өөрийн өмчилж байгаа малын тоо толгой тоологдож бүртгэгдсэн сум, дүүргийн төсөвт төлнө” гэж заасан.

Мөн хуульд, Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээд нь албан татвар төлөгч байна. Тухайн татварын жилд албан татвар ногдуулах малын тоо толгойг Статистикийн тухай хуульд заасны дагуу хийгдсэн өмнөх жилийн мал тооллогын дүнд үндэслэн тодорхойлно. Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байна. Албан татварын хэмжээг дээрх хязгаарт багтаан сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал малын төрөл тус бүрээр тогтоож байгаа.

Түүнчлэн албан татвар төлөгч албан татварын тайланг батлагдсан маягтын дагуу бэлтгэж, тухайн татварын жилийн 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор харьяа татварын албанд хүргүүлнэ хэмээн холбогдох хуульд заажээ.


Завхан аймгийн тухайд, 2022 оны жилийн эцэст 3720.8 мянган толгой малыг тоолуулжээ. Тоолуулсан нийт малын 50.8 хувийг хонь, 34.6 хувийг ямаа, 7.3 хувийг нь адуу, 7.1 хувийг нь үхэр, 0.2 хувийг нь тэмээ эзэлжээ. Аймгийн 24 сумын ИТХ-ын хурлаас малын хөлийн татварыг 200-1500 төгрөгөөр тогтоосон байна.


Хуульд малчид татвараа урьдчилан төлж болох талаар мөн тусгажээ. Мөн татварын хэмжээг аймаг, сумын ИТХ-аар хэлэлцүүлэн тогтоож сум бүр санхүүгийн эх үүсвэртэй болжээ. Тодруулбал, сум хөгжүүлэх санд төвлөрүүлсэн татварыг байгалийн эрсдэл, гамшгаас хамгаалах, малын сан бүрдүүлэх зэргээр үр ашигтай зарцуулах эрх сум орон нутагт нээлттэй болсон аж.

Малын хөлийн татвараа үр ашигтай зарцуулж буй сумдын нэг нь Идэр юм

Тус сум 2022 оны жилийн эцсийн мал тооллогоор нийт 139 мянга 930 толгой малыг тоолуулжээ.

Малын тоо толгойн албан татварын төлөвлөлтөөр 2021 онд 36 сая төгрөгийн татвар төвлөрүүлэхээр тогтоож, 85 хувийг төвлөрүүлжээ. Харин 2022 онд 66 сая төгрөгийн татварыг төвлөрүүлэхээс, малын тоо толгойн албан татварыг 80 хувийн биелэлттэй байсан. Малын хөлийн татварын хураамжийн хэмжээг сумын ИТХ-аас хэлэлцэж өнгөрсөн онд шинэчлэн тогтоосон. Ингээд адуу 1000, үхэр 400, хонь 300, ямаа 800 төгрөг, харин тэмээнд татвар ногдуулаагүй байна.


Өнөөдрийн байдлаар, малчин 456 иргэнийг и-баримттай холбож, 679 малчин иргэнээс малын тоо толгойн албан татварын тайланг хүлээн авчээ. Төвлөрсөн татвараараа малын бэлчээр хамгаалах, өвөлжөө ариутгалын ажлыг хийх ДҮК автомашиныг 59.800.000 төгрөгөөр худалдан авч ашиглаж байгаа аж. Мөн Идэр сум мал хамгаалах сангийн 12.5 сая төгрөгийн хөрөнгөөр залуу малчин өрхүүдийг малжуулсан байна.

Малын хөлийн татварыг орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, малчдын саналд үндэслэн малчидтай холбоотой асуудлыг шийдвэрлэж байна. Тухайлбал, бэлчээрийн менежментийг сайжруулах, бэлчээрийн болон газар тариалангийн усан хангамжийг нэмэгдүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын чанарыг сайжруулах, гэмт халдлага, гамшгаас хамгаалах, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх, малын тэжээлийн ургамал тариалах, тэжээлийн нөөц бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хортон мэрэгчидтэй тэмцэх, малчдад зориулсан сургалт, сурталчилгааны зардалд зарцуулж байгаа гэж Идэр сумын ЗДТГ-аас мэдээлэв.


Сум, орон нутгийн төсөвт төвлөрөх энэ мөнгийг аль болох эргээд малчдад хэрэгтэй зүйлд үр ашигтай зарцуулах, татвараа төлсөн малчин ашиг хүртдэг байхаар зохицуулсан. Үүнд төр болон иргэд, ТББ-аас хяналт тавих юм.


Малын хөлийн татвар сумын малчдад үр ашигтай байна

Их-Уул сумын хувьд, сумын ИТХ-аар хэлэлцэж, адуу нэг малд ногдох татвар нь 1000 төгрөг, үхэр 400, хонь 200, ямаа 600 төгрөгөөр тус тус нэг малд ногдох татварын хэмжээг тогтоожээ.

Малын тоо толгойн албан татварыг 2021 онд 50 хувь хөнгөлж байсан бөгөөд төлөвлөсөн албан татварыг 50.8 хувьтай биелүүлсэн. Харин 2022 онд хөнгөлөлт байхгүй, малчин татвараа бүрэн төлж, сумын хэмжээнд 31.9 сая төгрөгийн орлого төлөвлөснөөс 171 хувьтай давуулан биелүүлсэн. 2021 оны төвлөрүүлсэн, малын тоо толгойн татвараар 40 сая төгрөгийн үнэтэй малын угаалга ариутгалын DYK автомашиныг худалдан авч малчдад үйлчилгээ үзүүлж байна.


Тухайлбал, өнгөрсөн жил сумын нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоож яаралтай арга хэмжээг авсан. Малын шүлхий өвчний голомтын болон сэжигтэй бүсэд байгаа малчидтай хариуцлагын гэрээ байгуулж, голомтын бүсэд хөдөлгөөнт эргүүлийн хяналт хийж, мал эмнэлгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг  зориулалтын ДУК автомашинаар цаг алдалгүй хийсэн.

Тэгэхээр цаг алдалгүй малын эрүүл мэндийг хамгаалах, бэлчээрийг ариутгах, халдваргүйжүүлэх ариутгалын автомашинтай болсон нь давуу тал боломжийг өгсөн. Энэ үед 10  хот, 7500  бог мал  болон 1500м2  талбайд  ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсний үр дүнд малын халдварт шүлхий өвчнийг богино хугацаанд тархаалгүй устгасан.

Мөн мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг 22 өрхийн 28 өвөлжөө, малын хашааны 16200 м2 газарт ариутгалын ажлыг хийгээд байна.

Энэ мэтчлэн малын тоо толгойн албан татварын үр шим эргээд орон нутгийн малчдадаа хүрч үйлчилж байгаа нь энэ хуулийн давуу тал юм.

Сумын 1566 малчныг и-баримттай болгох ажлыг хийж, 70 гаруй хувьтай байна. Малчид и-баримттай болсноор малчин болон мал бүхий иргэд цагаан идээ, мах, ноос ноолуур түүхий эд зарахдаа тухайн худалдан авсан иргэн байгууллагад  и-баримт олгох боломжтой болж байгаа юм. Татварын нэхэмжлэл нь малчин иргэний и-баримтад ирнэ гэж Их-Уул сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Малчин бүр QR кодтой болно

“Малын хөлийн татварыг орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, малчдын саналд үндэслэн малчидтай холбоотой асуудлыг шийдэхэд зарцуулж байхаар хуульд тусгасан.

Тиймээс орон нутгийн төсвийг нэмэх, бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хангамж зэрэг тулгамдсан асуудлаа орон нутагт бие даан шийдвэрлэх боломжийг энэ хуулиар олгоод байгаа юм. Сум, дүүргийн ИТХ-д  малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан бие даан тогтоох эрхийг дээрх хуулиар олгосны дагуу сумд малын хөлийн татварын хувь хэмжээг тогтоогоод байна.


Нэмж дуулгахад, малчид татвараа төлөхдөө малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тухай бүр ирүүлсэн дүнг бүртгэлийн сангаас авч, тухайн сумын ИТХ-аас тогтоосон хувь хэмжээ, итгэлцүүрийн дагуу ногдуулалтыг системээр тооцож байгаа юм.

Үүний дагуу татварын нэхэмжлэл нь малчин иргэний и-баримтад ирнэ. Татварын тайланг малчид и-баримт аппликейшнээр мэдээллийг шалган баталгаажуулах байдлаар гаргана. Мөн аппликейшнд ирсэн нэхэмжлэлийн дагуу татвараа цахимаар төлөх боломжтой.

Түүнчлэн малчид малын гаралтай түүхий эд борлуулах үедээ заавал төлбөрийн баримтыг өгөх үүрэгтэй. Аймгийн татварын хэлтсээс малчдыг татвар төлөгчөөр бүртгэн QR коджуулах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж байна. Ингэхдээ иргэний үнэмлэхийн арын QR кодыг татвар төлөгчийн QR код болгон ашиглаж байна. Тиймээс иргэд цахим төлбөрийн QRbarimt-ыг үүсгэн, малчид баталгаажуулах байдлаар төлбөрийн баримтыг үүсгэнэ. 

Дэд бүтэц, интернэт сүлжээний хүрэлцээгүй байдлаас хамаарч цахим төлбөрийн баримтыг тэр бүр баталгаажуулж чадахгүй тохиолдолд татварын албанаас худалдан авагч ААН-ийн төлбөрийн баримтыг үүсгэн, малчны дансанд мөнгө нь орсон тохиолдолд автоматаар баталгаажуулах системийн хөгжүүлэлтийг хийж буй” гэж Завхан аймгийн Татварын хэлтсээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ