СЭЛЭНГЭ: Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд тус аймагт дулааны цахилгаан станц барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-03-30 14:16:42

Сүхбаатар /МОНЦАМЭ/. "Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шат шинэ сэргэлтийн бодлого" сургалт Сэлэнгэ аймагт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.


Сургалтын сургагч багшаар Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Я.Төмөрбаатар, Монгол Улсын ЗГХЭГ-ын шинжээч Г.Золбаяр, Удирдлагын академийн улсын салбарын удирдлагын тэнхимийн эрхлэгч Б.Нарантулга, Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн ахлах багш М.Досымбек нар ажиллаж байна.

 

"Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шат шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд Сэлэнгэ аймагт зохион байгуулж байгаа сургалтын ач холбогдол, зохион байгуулалтын талаар аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаагаас тодрууллаа.

 

Тэрбээр: “Алсын хараа-2050, Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг. Мөн эхний 10 жилд хэрэгжүүлэх шинэ сэргэлтийн бодлогын чиглэлийн талаар сургалтыг аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.

 

Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийтдээ 200 төрийн албан хаагчийг сургана. Эхний өдрийн сургалтад аймгийн төвийн төрийн албан хаагчид, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, ИТХ-ын ажлын алба, аймгийн ЗДТГ, мөн аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд, МСҮТ, аймгийн төвийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлууд хамрагдсан.  

 

Өнөөдөр буюу хоёр дахь өдрийн сургалтад сумдын Засаг дарга нар, багийн Засаг дарга нар, сумдын ЗДТГ-ын дарга нар, хууль эрх зүйн  асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцож байна.  

 

Эдгээр 200 хүн маань энэ бодлогын баримт бичгийг судлах, арга зүйд суралцах, үүнийгээ ажил амьдрал дээрээ хэрхэн хэрэгжүүлэх, энэ томоохон бодлогын баримт бичгүүдийг өдөр тутмын үйл ажиллагаа болон аймаг, сумдын болоод байгууллагын хэмжээнд яаж төлөвлөх. Төлөвлөснөө яаж хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг арга зүйд суралцах юм. Энэ сургалт гурван өдөр үргэлжилнэ.

 

Сургагч багшаар бэлтгэгдээд гарсан 200 хүн цаашаа сумандаа, байгууллагадаа очоод 10-аас доошгүй хүнд энд сурсан алсын хараа 2050-ын бодлого, зорилтыг яаж хэрхэн хэрэгжүүлэх вэ? Улс орон даяар яаж хэрхэн нэг зүгт харж хөгжих вэ гэсэн мэдээ мэдээллийг эндээс аваад орон нутагтаа хэрэгжүүлэх боломжийг олгоно.

 

Шинэ сэргэлтийн бодлогын хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаанд Сэлэнгэ аймагтай холбоотой нэлээд олон ажил байгаа. Өнөөдөр боомтын сэргэлтийн хувьд тус аймаг хилийн боомт аймгийн хувьд хэрхэн хөгжих. Замын-Үүд, Алтанбулагийг холбосон хос цагирагтай төмөр замыг барих, мөн боомтын үйл ажиллагааг сэргээх. Аж үйлдвэржилтийн бодлогыг сэргээх, хот хөдөөгийн сэргэлт, төрийн албаны бүтээмжийг сайжруулах чадавхтай холбоотой олон асуудлыг энэ гурван өдрийн сургалтаар олгоно. Бид сургалтаас олж авсан зүйлээ орон нутагтаа өөрсдийнхөө ажил дээр ажил болгох, нийтэд хүргэх, ард иргэдэд ойлгуулах, цаашлаад аймгийнхаа түвшинд хэрэгжүүлэх боломжийг энэ сургалт олгож байна” хэмээв.  

 

Сургагч багш, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Я.Төмөрбаатараас сургалт зохион байгуулах болсон зорилго, үр дүнгийн талаар тодрууллаа.,

 

-Бид Монгол Улсын 21 аймагт энэ сургалтыг зохион байгуулаад хамгийн сүүлийн аймаг нь Сэлэнгэ болж байна.

2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт орсон. Энэ үндсэн хуулийн 25-ын 7-д Монгол Улс урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлоготой байна гэж заасан. Үүний дагуу 2020 оны 5-р сарын 17-ны өдөр Монгол Улсын Их хурал Алсын хараа-2050 гэдэг бодлогын баримт бичгийг гаргасан. Үүнийг гаргахдаа 3 үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэж заасан. Эхний 10 жилийг 2030 он гэхэд үр дүнг нь үзнэ. 2 дахь 10 жил нь 2040 он. 3 дахь 10 жил нь 2050 он гэхэд Монгол Улсын хэмжээнд ямар түвшинд очсон байх вэ гэж.


НҮБ-аас баталсан тогтвортой хөгжлийн бодлого гэж 17 зорилго бүхий 169 зорилттой бодлогын баримт бичиг байдаг. Үүнийг нэгтгээд Монгол Улсын хэмжээнд Алсын хараа-2050 бол 9 үндсэн зорилготой, 67 үндсэн зорилттой баримт бичгүүд гарсан байгаа. Үүний гол шалгуур нь монгол хүний хөгжил 30, 40, 50 онд юунд хүрэх ёстой юм бэ?


2050-ын 30 жилийн ирээдүйн тогтвортой бодлогын эхний 10 жил нь шинэ сэргэлтийн бодлого байгаа. Энэ эхний 10 жилд хөгжлийг гацааж байгаа асуудлуудыг хэрхэн яаж шийдэх вэ гэдэг дээр Монгол Улсын Засгийн газар төрийн бодлого гаргаад 1-рт нь боомтын сэргэлт, 2-рт аж үйлдвэрийн сэргэлт. 3-рт эрчим хүчний сэргэлт. 4-рт хот, хөдөөгийн сэргэлт, 5-рт ногоон хөгжлийн сэргэлт, 6-рт төрийн бүтээмжийн сэргэлт гэсэн 6 зүйл дээр гол анхаарлаа хандуулаад явж байгаа.


Тус аймгийн хувьд боомтын сэргэлтүүдтэй холбоотойгоор Сүхбаатар, Алтанбулаг боомтууд байна. Сэлэнгэ бол хилийн аймаг. Улсаас татаас авдаггүй өөрөө өөрийгөө санхүүжүүлэх бүрэн эдийн засгийн боломжтой, өрсөлдөх чадвар маш өндөр 6 аймгийн нэг. Тийм учраас цаашдаа энэ боомтын сэргэлттэй Сэлэнгэ аймаг юу хийх ёстой юм. Нөгөө талаас улсын хэмжээний нийт үр тариа, хүнсний ногооны 50 хувийг хангадаг аймаг. Иймээс эрчимжсэн ХАА, МАА-н чиглэлээр юу хийх, цаашдаа аж үйлдвэрийн сэргэлт дээр юу хийх юм, Уул уурхайн арвин их нөөцтэй аймаг. Иймээс цаашдаа эрчим хүчний сэргэлт дээр аймаг, орон нутаг, сумд юу хийх юм. Цаашдаа энэ бодлогоо яаж авч явах юм гэдэг дээр чиглэж ажиллах ёстой.

Дээрээс нь мэдээж энэ ажлыг төрийн албан хаагчид манлайлж хийнэ. Иймээс төрийн албаны бүтээмжийг яаж сайжруулах, ард иргэдийн оролцоог яаж хэрхэн дэмжих юм.


Мөн ногоон хөгжлийн сэргэлт гэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Сэлэнгэ аймаг ямар оролцоотой байх юм. Сая Засаг дарга тань хэлсэн. Тус аймаг улсын хэмжээнд модны үр суулгацыг нийлүүлэгч аймаг болохын бол аймгийн орлого нэмэгдэнэ. Олон зуун сая модыг аймаг орон нутаг, ААН-үүдэд монгол орон даяар түгээж, тарьж ургуулж, суулгацыг бэлтгэхэд Сэлэнгэ аймаг өндөр ач холбогдолтой ажиллах ёстой.


Сэлэнгийнхний хувьд асар ач холбогдолтой сургалт болж байна гэж ойлгож байна гэлээ.         

 

Холбоотой мэдээ