Хүнсний хувьсгал: “Үдийн цай”-нд 66 тэрбумын тендер зарлаж, 1 тэрбум төгрөгийн худалдан авалт хийгээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-03-30 13:36:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн худалдан авах ажиллагааны газар (ТХААГ)-аас мэдээлж буйгаар, төрийн худалдан авалтад өнгөрсөн онд 10.1 их наяд төгрөгийн тендер зарлажээ. Үүний санхүүжүүлэх дүн нь 3 орчим их наяд төгрөг гарч байв. ЕБС-ийн сурагчдын “Үдийн цай” хөтөлбөрт гэхэд өнгөрсөн жил давхардсан тоогоор 66 тэрбум төгрөгийн тендер зарлаж, хамгийн багадаа жилд 1 тэрбум төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн худалдан авчээ.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд өнөөдөр болсон "Үндэсний үйлдвэрлэлийг төрийн худалдан авах ажиллагаагаар дэмжих нь" нээлттэй хэлэлцүүлэг дээр ТХААГ-ын дарга Ц.Батзул мэдээллээ.


Хүнсний тухайд өнөөдрийн байдлаар 20 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтад шаардлага хангасан гэдэг байдлаар журамлаад байна. Үүнийг хэрхэн сайжруулж, нэмэгдүүлэх талаар хэлэлцэж буйг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай мэдээлэв. Тэрбээр, дотоодын хүнсний бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлж, чанарыг сайжруулан, нэр төрлийг олшруулснаар төрийн худалдан авах системд оруулах боломж байгаа гэв. Өнөөдрийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ болон Монгол Улсын Засгийн газраас “Эх оронч худалдан авалт”-ыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, зохион байгуулж буйг тэмдэглэлээ.  


“Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд төрийн худалдан авах ажиллагаанд хичнээн компани, ААН оролцож байгааг ТХААГ-ын дарга Ц.Батзулаас тодруулбал, “Хүнсний салбарын хүрээнд боловсролын байгууллагууд буюу сургууль, цэцэрлэгүүдэд “Үдийн цай” хөтөлбөрийн хангалт, эрүүл мэндийн байгууллагуудад өвчтөн, эмч, ажилтнуудын хоол хүнс, мөн тусгай чиг үүргийн байгууллагууд буюу БХЯ, Хилийн цэрэг, ШШГЕГ, ОБЕГ-т шаардлагатай хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоос нийлүүлж байна” гэв.


Тендер шалгаруулалтын дүнг олон нийт нийт төсвөөр дүгнэн их хэмжээний мөнгө гарч байна гэж үздэг бол төсөв батлахад бодит санхүүжилт хамаагүй бага дүнгээр гардгийг тэрбээр хэлж байлаа. Хүнсний салбар дахь төрийн худалдан авах-нийлүүлэх тендерийг импортын хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын, үндэсний үйлдвэрлэгчдийн хүнсээр сольж орлуулъя гэсэн зорилгоор зарлаж байна. Махыг гэхэд дотоодын ЖДҮ эрхлэгч ААН-үүдээр хангуулах, ингэхдээ хагас болон бэлэн боловсруулсан мах нийлүүлэх шаардлага тавьж байна гэв.

Хэлэлцүүлэгт оролцсон үндэсний үйлдвэрлэгч нар төрийн худалдан авалтад дотоодоос нийлүүлэх бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг захиалагч төрийн байгууллагууд ханган нийлүүлэгчдээс тус тусад нь багцлан авч байх хуулиа хэрэгжүүлж ажиллахыг сануулж байлаа.


Энэ нь төрийн өмчит үйлдвэрийн газрууд гэхээсээ илүү ихэвчлэн төрийн өмчид компаниудад гарч буйг хүнсний тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн “Чиглэл” ХХК-ийн захирал Н.Бумцэнд хэлж байв. Эднийх импортын стандарт бус хуванцар савыг орлуулах үүднээс дотооддоо, сургууль, цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж, сав суулга нийлүүлж байгаа аж.


Үндэсний үйлдвэрлэгч нар өөр өөрийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг ханган нийлүүлэх платформ болох “Цахим дэлгүүр”-т байршуулбал зах зээл нь тэр хэмжээгээр өргөжинө гэдгийг ТХААГ-ын Цахим худалдан авах ажиллагааны мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Н.Цэрэнсамбуу хэлэлцүүлгийн үеэр тайлбарлав.


“Цахим дэлгүүр”-т одоогийн байдлаар мах, хүнсний ногооны захиалгын мэдээлэл тавигдаад буйг танилцуулж, дараагийн ээлжинд гал тогооны сэлбэг хэрэгсэл, оёмол бүтээгдэхүүн, зөөлөн эдлэл, хөдөлмөр хамгааллын хувцасны захиалга болон нийлүүлэлтийн мэдээллийг үе шаттай оруулахаар ажиллаж буйг тэрбээр мэдээллээ. Мөн сав, баглаа боодлын тендер шалгаруулалтын мэдээллийг энэ онд багтаан оруулахаар бэлтгэж байна гэв.


"Үндэсний үйлдвэрлэлийг төрийн худалдан авах ажиллагаагаар дэмжих нь" нээлттэй хэлэлцүүлэг, сургалтад ХХААХҮЯ, БШУЯ, Сангийн яам, ЭМЯ-ны албаны холбогдох хүмүүс, төрийн зүгээс төрийн өмчийн томоохон худалдан авагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой түлш”, УБТЗ, ДЦС-III зэрэг томоохон ААН, компанийн төлөөлөл, хангамжийн хэлтсийн удирдлагууд оролцлоо.

Холбоотой мэдээ