Монгол, Оросын залуу эрдэмтдийн чуулган эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-09-05 12:02:12

Монгол Улс, ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Монгол-Оросын залуу эрдэмтэн, судлаачдын II чуулга уулзалт” өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлж байна.

Чуулга уулзалтын хүрээнд Монгол, Оросын залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал болон урлаг, спортын бага наадмыг зохион байгуулах юм.

Эрдэм шинжилгээний хурал нь техник, технологи, байгалийн ухаан, геологи, газарзүй, нийгэм, хөдөө аж ахуй, биотехнологи, анагаах ухаан гэсэн үндсэн 6 чиглэлийн салбар хуралдаанаар үргэлжилнэ.

Чуулга уулзалтад ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Эрхүү, Буриадын шинжлэх ухааны төв, Эрхүүгийн Их сургууль, Эрхүүгийн үндэсний техникийн их сургууль, Эрхүүгийн хөдөө аж ахуйн их сургууль зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны байгуулагын 70 гаруй төлөөлөгч оролцох юм. Харин монголын талаас БСШУСЯ, ШУА, ШУТСан, МЗЭХ, ШУТИС, МУБИС, ХААИС болон бусад эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулиуд зэрэг нийт 25 байгууллагын 500 гаруй залуу судлаач оролцоно. ОХУ-ын Эрхүү хотноо  энэ оны 5 дугаар сарын 16-21-нд болсон анхдугаар чуулга уулзалтад манай улсаас 108 залуу судлаач тус хотноо айлчлан, эрдэм шинжилгээний хурал, урлаг, спортын тэмцээн уралдаанд амжилттай оролцсон юм.

Манай хоёр орны орчин үеийн шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагаа 1920-иод оноос эхтэй бөгөөд монголд орчин үеийн шинжлэх ухааны салбарууд бий болж хөгжихөд ОХУ-ын ШУА-ийн гүйцэтгэсэн үүрэг асар их билээ. Хоёр улсын ШУА-ийн хамтын ажиллагааны хүрээнд судалгааны тодорхой чиглэлээр хамтарсан судалгааны төслүүд хэрэгжүүлдэг.  Ингэснээр хоёр орны судлаачид харилцан суралцаж, туршлага солилцохоос гадна шинжлэх ухааны залуу халааг бэлтгэхэд ихээхэн дэмжлэг болж байна. Хамтын ажиллагааны бас нэг онцлох үйл ажиллагааны хэлбэр нь хамтарсан экспедицүүд юм. Тухайлбал, палеонтологийн хамтарсан экспедици 1930, геологийн хамтарсан экспедици 1968, түүх, соёлын хамтарсан экспедици болон биологийн иж бүрэн экспедици 1970 оноос эхлэн судалгааны ажлаа эхлүүлж одоог хүртэл амжилттай хамтран ажилласаар байна. ОХУ-ын Сибирийн салбар нь хамрах хүрээ, газар нутгийн хувьд Оросын ШУА-ийн бүс нутгийн хамгийн том салбар бөгөөд манай улстай ойр дөт оршдог, судалгааны ажлын нэлээд нь хоорондоо уялдаатай төдийгүй геологи, газар зүй, экосистемийн судалгааны обьектууд нь нийтлэг учраас манай эрдэмтэд энэ салбартай идэвхтэй хамтран ажилладаг аж.

Чуулга уулзалт энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ