Чуулган: Хилийн чанад дахь 59 монгол сургуульд 5000 хүүхэд сурч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-04-07 15:31:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсыг гадаадад сурталчлах бодлого, стратеги, хамтын ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээний талаар Гадаад харилцааны сайдын мэдээллийг сонслоо.


Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс хилийн чанадад дахь монгол сургууль, цэцэрлэгийн хүртээмж, сургалтын агуулгыг тодруулсан юм. Эл асуултад Б.Батцэцэг сайд "Хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй монгол сургууль, цэцэрлэг, хэл соёлын төвүүдийн судалгааг явуулахад, өнгөрсөн онуудтой харьцуулахад эрс нэмэгдсэн үзүүлэлт гарсан. Учир нь, гадаадад ажиллаж амьдарч буй иргэд олширч байгаа тул монгол сургууль цэцэрлэгийн хэрэгцээ шаардлага нэмэгдсээр байна. Өөрөөр хэлбэл, монгол сургууль цэцэрлэг, хэл соёлын төвийн тоо 34 хувиар өссөн. Одоогийн байдлаар 16 улсын 39 хотын 59 сургуульд 5000 хүүхэд сурч байна. БНСУ-д 400 хүүхэдтэй буюу хамгийн олон монгол хүүхэдтэй монгол сургууль ажиллаж буй.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтарч, тэнд багшилж буй багш, сурган хүмүүжүүлэгч нарт зориулсан заах арга зүйг дээшлүүлэх зорилготой мэргэжлийн арга зүйн 20 удаагийн цахим сургалтыг зохион байгуулахад, нийт 100 багш хамрагдсан. Тус сургалтад хамрагдсан багш нарыг боловсролын нэгдсэн системд бүртгэж, гэрчилгээ олгохоор ажиллаж байна. Мөн хэл соёлын төвүүдийг сурах бичиг, сургалтын материалаар хангадаг. Тэндхийн багш нар голдуу хөдөлгөөнтэй, шилжин суурьших нь элбэг тул хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг. Иймд байнгын заавар чиглэл өгч, хамтарч ажиллаж байна" гэлээ. 

Холбоотой мэдээ