Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч, эдийн засагт гэрэл нэмлээ
ТОЙМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн асуудлаас үүдэлтэй жил гаруйн өмнө улс орнуудын гадаад худалдааны тэнцэл хүндхэн байв. Харин хүн төрөлхтөн хэвийн байдалд шилжсэнээр дэлхийн эдийн засгийн үзүүлэлтүүд нааштай гарч эхэллээ. Үүний жишээг манай улсын гадаад худалдааны тэнцлээс харж болохоор байна. Тодруулбал оны эхний гурван сарын үзүүлэлтээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.7 тэрбум ам.долларт хүрэв. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.07 тэрбум ам.доллароор буюу 57 хувиар өссөн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл эхний хоёр сарын байдлаар нэг тэрбум ам.долларын ашигтай гарлаа.
Ийнхүү гадаад худалдааны баланс эерэг гарсан нь хэд, хэдэн шалтгаанаар тайлбарлаж болохоор байна. Нэгдүгээрт, манай гол экспортлогч БНХАУ хилийн хоригоо цуцалж, хэвийн байдалд шилжсэн нь голлох нөлөө үзүүлэв. Түүнчлэн жилийн өмнө Монгол Улсын экспорт зөвхөн Гашуунсухайтын боомтоор хязгаарлагдаж байсан бол экспортын хилийн боомтуудад хийж буй өргөтгөл, шинэчлэлийн үр дүнд нүүрсний экспортын хэмжээ төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулах үеийн мэдээллээс давах төлөв ажиглагдаж байна. Боомтуудын хатуу, зөөлөн дэд бүтцийг зэрэгцүүлэн ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлэхэд Засгийн газраас онцгойлон анхаарч байгаа.
Экспорт энэ оны эхний хоёр сард өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум ам.доллароор өсөхөд, нүүрс 955 сая ам.доллароор, цайрын хүдэр, баяжмал 42.2 сая ам. доллароор, төмрийн хүдэр, баяжмал 39.5 сая ам.доллароор, жоншны хүдэр, баяжмал 22.4 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.
Энэ хэрээр эдийн засгийн дийлэнх хувь
нь түшиглэдэг уул уурхай, тэр дундаа нүүрсний экспорт тэлэх дүр зураг гарч буй юм. Хятадын нүүрсний эрэлт
өндөр, цаашид ч өсөх төлөв ажиглагдаж буй энэ цонх үеийг бид зөв
ашиглах нь чухал байна. Эрэлтийг дагаад манай улс энэ онд төлөвлөсөн 36 сая тонн нүүрснийхээ
14 сая тонныг гурван сарын дотор экспортолж амжив. Нүүрсний
экспорт тогтвортой, энэ хэвээр
үргэлжилбэл төлөвлөгөөт хэмжээг богино хугацаанд давуулж мэдэхээр
байна. Үнэндээ дэлхийн нүүрсний хэрэглээний эрэлт манайхаас нүүрс авах
сонирхлыг өдөөж зөвхөн Хятадаар хязгаарлагдахгүй гэдгийг илтгэж байгаа. Тухайлбал Европын орнууд манайхаас нүүрс худалдан
авах саналаа илэрхийлж
эхлэв.
Харин энэ цаг үед манай компаниуд эрэлттэй уялдуулан олборлолтоо нэмж чадах уу
гэсэн асуудал үүсч мэдэх. Үүн дээр хил гааль, тээврийн асуудлаа
маш богино хугацаанд шийдэж, зах зээлийн эрэлтэд нийцүүлэн хүссэн хэмжээгээр
нүүрсээ борлуулахын тулд бид бэлтгэлээ базаах шаардлагатай нүүр
тулж байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Экспортод 3.8 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь
өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 93.8 хувиар өссөн
үзүүлэлт гэдгийг Гаалийн Ерөнхий газраас мэдэгдсэн. Манай
улсын нийт экспортын 93 хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг бол үлдсэн хувийг уул уурхайн бус бүтээгдэхүүн
эзэлж, улмаар 0.5 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлдэг гэсэн
тооцоо бий. Уул уурхайн бус экспортын салбарт 704 аж ахуйн
нэгж ажиллаж, 55 улсад 62 бүлгийн 233 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн экспортолж байна гэсэн дүн мэдээ гарсан. Үүнд самнаагүй болон самнасан үс, хялгас,
самар, лаазалсан махан бүтээгдэхүүн, өлөн, сүлжмэл гадуур болон дотуур хувцас, адууны
мах, хөнгөн цагаан бусад бүтээгдэхүүнүүд багтдаг аж.
Эхний гурван сарын байдлаар экспортын дүн импортын
дүнгээс 1.8 тэрбум ам.доллароор давсан үзүүлэлт гарчээ. Экспортын
барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн нэлээн жин дардаг ч улирлын чанартай ямааны ноолуурын
экспорт нэмэгдэж байгааг мэргэжилтнүүд онцолж буй юм. Монгол Улс ямааны самнасан ноолуурын 77.4 хувийг Италид, ямааны угаасан ноолуурын 99.9 хувийг БНХАУ-д экспортолдог. Монголын
ноолуурын экспорт сүүлийн жилүүдэд нэмэгдэж буй бөгөөд дэлхийн томоохон брэндүүд Монголоос
ноолуур худалдан авах сонирхол нь улам нэмэгджээ. Тухайлбал Италийн хоёр том брэнд Монголын ноолуурын
салбарт хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн байна. Гагцхүү энэ эрэлт, сонирхлыг хангахад тогтвортой бодлого чухал.
Улмаар манай улс дэлхийн 54 оронтой экспорт хийж байгаагаас БНХАУ 92.4 хувь, Швейцар 3.5 хувь, БНСУ 1.4 хувийг тус тус эзэлж буй юм. Экспорт нэмэгдсэнээр төлбөрийн тэнцэл ашигтай гарна. Ингэснээр улсын валютын нөөц нэмэгдэж, төлбөрийн чадвар сайжирна гэсэн үг. Тиймээс Монгол Улс уул уурхайн бус экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, гадаад зах зээлээ тэлэхэд бодлогоор анхаарах хэрэгцээ бий. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас гадаад худалдааг цахим, хүнд сурталгүй, оновчтой болгох, шинэ боломжуудыг эрэлхийлж буй. Тухайлбал, бараа бүтээгдэхүүнийг экспортлоход бичиг баримтын бүрдүүлэлт, хил дээрх үйл ажиллагаанд 302 цаг зарцуулж байгааг 16 дахин багасгахаар ажиллаж байгааг албаныхан дуулгасан. Үүнээс гадна үйлчилгээний худалдааг хөгжүүлэх, аялал жуулчлалыг үйлчилгээний экспортын тэргүүлэх салбар болгох, импортын хамаарлыг бууруулах нь чухал байгаа.
Экспортод бид бэлэн үү гэсэн асуултад, бизнесийнхэн брэнд хөгжүүлэлтийг бодлогоор дэмжих шаардлагатай гэдгийг онцолж байв. Үүнээс гадна дэлхийтэй өрсөлдөхийн тулд гааль болон татварын бодлогоор дэмжих нь чухал гэсэн хариултыг өгч байна. Ийнхүү Монгол Улс экспортоо тэлж орлогоо нэмэгдүүлэхийн
тулд бараа бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулах, эрэлтэд бэлэн байх, бодлогоо зангидах нь чухал гэдгийг дээрх баримт илтгэв. Юутай ч гадаад худалдааны тэнцэл ашигтай хувилбар руу шилжлээ.
Үүний зэрэгцээ дэлхийн зах зээл дэх түүхий эд, эрдэс бүтээгдэхүүний үнэ өсөлттэй
байгаа нь манай улсын экспортод эерэгээр нөлөөлөхөөр байна. Хүлээгдэж буй
гүйцэтгэлээр экспортын хэмжээ энэ онд нэмэгдэх төлөв ажиглагдаж буйг
мэргэжилтнүүд онцолж буй юм. Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн эхний
гурван сарын дүнгээр тооцвол энэ онд бараа эргэлт 20 гаруй тэрбум ам.долларт
хүрч, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарах
эерэг дохио өгч байна.