ДОРНОГОВЬ: Багш шавийн бүтээлээр аялахуй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-04-13 11:51:20

Сайншанд /МОНЦАМЭ/. Дүрслэх урлагийн төрлийн нэг усан будгийн ажлаар туурвисан үзэсгэлэн Дорноговь аймгийн Музей сургалт, судалгааны төвийн үзэсгэлэнгийн танхимд олны хүртээл боллоо.

Дээрх үзэсгэлэнг  Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан зураач, багш Л.Халзан, түүний шавь Урчуудын эвлэлийн гишүүн, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан зураач Г.Мөнхзаяа нар “Water color” нэртэй хамтран дэглэжээ. Үзэсгэлэнгийн танхимаар орж багш, шавь хоёрын бүтээлийг сонирхов.

Ус бол хоромхон төдийд л асгахад хаа нэгтэй уусан шингэж замхардаг. Гарт барьж болдоггүй хэрнээ хаашаа ч хамаагүй жолоо цулбуургүй урсан одох шингэн төлөвийг тэр л агшинд нь будаг бийртэй эвцэлдүүлэн, байгалийн сайхан ахуй ертөнцийг урлана гэдэг тухайн уран бүтээлчийн хувьд торгон мэдрэмж, авьяас, ур ухаан шаардсан ажил байх нь гарцаагүй юм.

Монгол бол нүүдэлчдийн орон. Бүтээлийн чанадын санааг тольдохуйд байгаль эх хийгээд хэдэн мянган жил адуу малаа маллаж гэр бараагаа хөсөг тэрэг дээр ачин нүүдэллэж  ирсэн гайхамшигт соёл уламжлалыг харуулсан байна.

Нөгөө талаар энэхүү өв соёл маань техник технологийн үсрэнгүй хөгжлөөс болж мартагдах аюул тулгараад байгааг эргэн сануулах, өөрсдийн бүтээсэн содон сонин ахуй ертөнцөөсөө өөрсдөө алгуурхан холдож буйг бүтээлээрээ өгүүлэх шиг бодогдов. Аливаа уран зураг, бүтээл өөрийн өнгө хийгээд онцлох чанартай байдаг. Тэр л өнгө эгшиг бүрийг багш шавь  хоёр дахин давтагдахгүй содон өнгөөр урлажээ. 

Эх болсон байгаль, уудам тал, заг бударгана хийгээд хээрийн зэрэглээтэй сүлэлдсэн говь нутгийн өнгө, хэл мэдээ дамжуулах шиг шувууны араншин, гэр хашааны айл, эмээл хазаартай адуу, морины зоон дээр хазгайхан тухалсан хөдөөгийн хөх өвгөдийн дүр төрхийг “Water color” үзэсгэлэнгээс харж болно. Аливаа уран бүтээлчийн бүтээл бол тухайн урлаачийн өөрийнх нь зан ааш, сэтгэлгээ харах өнцгийг ч илэрхийлдэг тал бий.

Дорноговийн уугуул зураач Л.Халзан гуай егөөдөл  дүүрэн, хошин мэдрэмжтэй, авьяас чадвар нь халгисан уран бүтээлч юм. Тэрбээр 1972 оноос дүрслэх урлагийн салбарт дагалдан зураачаар ажиллаж эхэлснээс хойш 1978 онд МУЭ-ийн мэргэжлийн комиссын шийдвэрээр III зэргийн зураачаар ажилласан байна.

Энэ цагаас эхлэн зураачийн мэргэжлийн курст гурван удаа хамрагдаж 1990 онд “Цагаан морин жилийн төвөргөөн” үзэсгэлэн, 1992 онд “Аргаль угалз” үзэсгэлэн, 2003, 2008, 2009 онд БНХАУ-ын Манжуур хотод зохион байгуулсан гурван улсын үзэсгэлэн зэрэг бие даасан, хамтарсан 17 үзэсгэлэнд оролццож, 12 удаа шагналт байрт шалгарч байжээ.

Түүний шавь Ганхуягийн Мөнхзаяа СУИС-ийн уран зургийн ангийг зураач мэргэжлээр төгссөн. 2010, 2011, 2012 онд “Grand art’ үзэсгэлэн гаргаж байснаас хойш бие даасан болон хамтарсан 20 гаруй үзэсгэлэнд оролцож олны хүртээл болгож. Түүнээс бүтээлээс монгол адууны соёл хийгээд хөдөөгийн малчдын ахуй амьдрал, уран бичлэг, нүүдлийн соёл иргэншлийн мөн чанар зэргийг танин мэдэх болно.

Бүтээл урлахаас гадна морин хуур тоглож, бөхийн засуулаар ажиллаж, уртын дуу дуулан, ерөөл айлдах гээд олон талын авьяасыг тэрбээр хөгжүүлсэн байна. Одоо Дорноговь “Политехник” коллежид багшилж байна.

Усан будгийн ажлаар бүтсэн багш шавь нарын хамтарсан үзэсгэлэн зочилж ирсэн хэн бүхний сэтгэлийн орон зайд нэгийг сануулж хоёрыг бодогдуулсан буй за.


Холбоотой мэдээ