Шинэчлэл төсвийн тогтвортой байдлыг хангаж чадах уу?

ТОЙМ
ariunzaya@montsame.mn
2023-04-14 21:11:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Мөнгийг төвлөрүүлэн хуримтлуулж эргээд хуваарилах үйл явц бол улсын төсөв. Улсын төсөв нь улс орны үйл ажиллагааг хэрэгжүүлэх гол бодлогын баримт бичиг бөгөөд төсвийн ил тод байдлыг хангах чухал хэрэгсэл гэдгээрээ онцлогтой. Гэвч манай улс урсгал зардал, төсвийн алдагдал гээд хосолмол дансны алдагдалтай олон жил явж ирснийг эдийн засагчид шүүмжилдэг. Үнэндээ “Төсвөө чамбай баталья, бодлогын хөтөлбөрт тусгасан бүтээн байгуулалт, төсөл хэрэгжүүлнэ” гэдэг ч ачир дээрээ  зарлага өндөр алдагдалтай төсвийг баталж ирсэн нь нууц биш. Тэгвэл УИХ-ын нэр бүхий 32 гишүүн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлээд байна.


Манай улсад Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр үйлчлээд 10 жилийг үдэж байгаа. Гэтэл энэ хугацаанд 23 удаа Төсвийн тухай хуулийг баталжээ. Уг нь 10 удаагийн төсвийн тухай хуулийг батлах ёстой ч төсвийн бодлого тогтвортой бус, тооцоолол муу байгаагаас үүдэлтэй жилдээ 1-2 удаа тодотгол хийж ирсэн нь бодлогын томоохон шийдэл хэрэгтэй байгааг илтгэх.


Өөрөөр хэлбэл төсвийн шинэчлэл, сахилга бат чухал болсныг дээрх баримт илтгэж байна. Тиймээс Олон улсын байгууллагууд Монгол Улс зайлшгүй төсвийн шинэчлэлийг хийх шаардлагатай хэмээн зөвлөдөг. Тэд уламжлалт төлөвлөлтөөс илүүтэй үр дүн, чанарт суурилсан хэлбэр рүү шилжиж, дэлхий нийтийн чиг хандлагыг нэвтрүүлэх нь чухал гэдгийг онцолдогҮнэндээ манай улсад төсвийн бодлого ярихын зэрэгцээ инфляцыг хазаарлах, эдийн засгийг тогтворжуулахын тулд төсөв мөнгөний бодлогыг уялдуулах шаардлага байгаа. Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн санаачилагчид төсөвтэй холбоотой 14 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шинэчлэл хийхээ мэдэгдсэн. Энэ утгаараа хууль санаачлагчид төсвийн ил тод байдлыг хангах, олон нийтийн оролцоо хяналтыг бүрдүүлэх, Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн сахилга батыг сайжруулахад анхаарч буй хэрэг. Тухайлбал хуулийн төсөлд төсвийг зориулалтын бусаар зарцуулсан бол албан тушаалаас нь чөлөөлөх хариуцлагын санкцыг тусгаж өгсөн нь хамгийн чухал өөрчлөлт гэж дүгнэж болохоор байна. Ингэснээр Төсвийн тухай хууль зөрчин үр ашиггүй зарцуулалт болон зориулалтын бус зардлууд, тооцоо үндэслэлгүй төлөвлөлт хийсэн тохиолдолд хариуцлага тооцох эрхзүйн субъект бий болж буйгаараа онцлогтой юм.

Хуулийн төсөлд тусгаж буй нэмэлт өөрчлөлтийн тухай, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн мэдэгдэхдээ, “Төсвийг батлахаас нь өмнө олон нийтэд ил тод, хяналттай болгох асуудлыг хуульчилж буйгаараа онцлогтой. Улмаар батлагдсан төсөв гүйцэтгэл дээрээ үр дүнтэй байж чадах уу гэдэг нь чухал. Үүнийг хянахын тулд гүйцэтгэлийн аудитын ажлыг сайжруулах хэрэгцээ бий. Өнгөрсөн хугацаанд гүйцэтгэлийн хяналтын эрхийг хэрэгжүүлэхдээ учир дутагдалтай явж ирсэн. Өөрөөр хэлбэл  аудитын тайлан дээр хариуцлага тооцсон шийдвэр гаргаж байгаагүй. Тэр утгаараа бид хуулийн төсөлд аудитын зөвлөмжийг заавал хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлсэн. Түүнчлэн үе, үеийн Засгийн газар төсвийн алдагдлын хэмжээ, өрийн хязгаарлалтыг дураараа өөрчилж ирсэн. Өөрөөр хэлбэл төсвийн алдагдал 2 хувиас илүүгүй байх, Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь 60 хувиас илүүгүй байх гэдэг зохицуулалт бий. Гэтэл дураараа орлого, зарлага нэмэгдүүлэхийн тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчилж ирсэн нь хуулийн хэрэгжилт муу түвшинд үнэлэгдэх болсон гол шалтгаан юм” хэмээн тодотгов.

Түүний ярианаас үзэхэд зөвхөн Засгийн газрын зарлагыг нэмэгдүүлэхийн тулд ДНБ-ийн таазыг өсгөхөд зориулан хуулиа өөрчлөх нь хэр оновчтой  хувилбар вэ гэсэн асуулт урган гарч байна. Үүний сөрөг үр дагавар нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн үзэл баримтлалаас ухрах гол шалтгаан гэдгийг эдийн засагчид тайлбарлаж байсан юм. Нөгөөтэйгүүр уул уурхайд түшиглэдэг манайх шиг эдийн засагтай орны хувьд хэт өөдрөгөөр орлогоо тодорхойлох нь буруу гэдгийг төсвийн гүйцэтгэл харуулж ирсэн. 


Үүнээс гадна жил бүр төсвийн тухай хууль тогтоомжийг батлуулах явцад үүсдэг нэг хүндрэл нь өрийн тааз, хэмжээ юм. Өрийн удирдлагын хууль тогтоомж болон төсвийн хууль тогтоомжид өрийг хэрхэн үүсгэх бодлогыг яг бодитой тодорхойлоогүй байдаг. Тэгвэл Өрийн удирдлагын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөр гадаад зээл, санхүүжилттэй холбоотой хязгаарлалтыг тусгажээ. Тодруулбал гадаад бонд, зээл тусламж авах гэж байгаа бол түүнийг эрэмбэлдэг байх заалтаас гадна гадаадын зээл, тусламж авах шаардлагатай үед үүгээр санхүүжүүлэх төслийн үр өгөөжийг тооцоолох юм байна. Ингэснээр зээлийг эдийн засгийн бодит үр ашигтай төслүүдэд зориулж авах нөхцөл бүрдэхийн зэрэгцээ Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал биелэлээ олно гэж дүгнэж болох юм. Үүнээс гадна төсөв батлах үеэр УИХ-ын гишүүд төсвийн төсөлтэй бүрэн танилцаж дүгнэлт хийх хугацаа богино байна хэмээн шүүмжилдэг. Тэгвэл төсвийн цагалбарт өөрчлөлт оруулахдаа Засгийн газар 10 дугаар сарын 01-нд УИХ-д оруулсан төсвийг 45 хоногт үздэг байдлыг халж 9 дүгээр сарын 1-нээс УИХ-д төсвөө заавал өргөн барих зохицуулалтыг оруулж өгчээ. Үүний дараа тогтвортой байдлын зөвлөл болон аудитын байгууллагууд доод тал нь 20-25 хоног төсвийн хяналтыг хийж төслийн алдаа, хууль зөрчсөн эсэхийг олон нийтэд нээлттэй мэдээлэх, улмаар хариуцлагын арга хэмжээ авах асуудлыг тусгасан байна. Ийнхүү төсөвт нэлээн нухацтай хандах цаг хугацааг бий болгосноор илүү чанартай, үр дүнтэй төсөв батлагдах боломжийг нээж өгөх нь ээ.  

Түүнчлэн уг хуулийн шинэчлэл нь төсвийн хөрөнгө оруулалтад олон нийтийн санал авах, хэлэлцүүлгийг бүх засаг захиргааны нэгжид хийдэг болох боломжийг бүрдүүлснээр олон ургальч үзэл санааг шингээх нь гэж дүгнэж болох юм. Мөн төсвийн ил тод байдал хангагдаж, төсвийг хариуцлагатайгаар төлөвлөдөг, батлагдах, захиран зарцуулдаг байх эрх зүйн орчин бий болохоос гадна төсвийн тогтвортой байдлыг хангах нөхцөл бүрдэнэ хэмээн мэргэжилтнүүд хэлж байна. 

 

Холбоотой мэдээ