Хятадын бүтээсэн "хиймэл нар" шинэ амжилт тогтоов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Хэфэй. /Xinhuа/. Хятадын “хиймэл нар” гэгддэг “EAST” туршилтын реакторын төхөөрөмж плазмыг 403 секундийн турш тогтоон барьж чадсан нь халуун цөмийн реакторыг хөгжүүлэх замд чухал алхам болжээ.
120 000 гаруй удаагийн туршилтын үр дүнд хүрсэн энэ ололт нь 2017 онд тогтоосон 101 секундийн өмнөх дээд амжилтыг эрс ахиулсан байна.
Хэфэй хот дахь Хятадын Шинжлэх ухааны академийн Плазмын физикийн хүрээлэнд /ASIPP/ байх энэхүү “хиймэл нар”-ыг бүтээх эцсийн зорилго нь далайд элбэг тохиолддог хүнд устөрөгч дейтерийг ашиглан наран дээр явагддагтай адил халуун цөмийн урвал үүсгэх бөгөөд ингэснээр хязгааргүй эрчим хүчний эх үүсвэртэй болно гэж физикчид найдаж байна.
"EAST" реакторын төхөөрөмж нь 2006 онд ашиглалтад орсноосоо хойш Хятад болон гадаадын эрдэмтдийн халуун цөмийн синтезтэй холбоотой туршилт, судалгаа явуулах нээлттэй талбар болоод байгаа билээ.
Хятад улсын эрдэмтэд мөн дараагийн үеийн "хиймэл нар" буюу "CFETR" хэмээн нэрлэсэн, туршилтын халуун цөмийн реакторынхаа зураг төслийг боловсруулж дуусжээ.