Эрдэмтэд сүүлийн 40 гаруй жилд анх удаа ураны өвөрмөц изотопыг нээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
НЬЮ-ЙОРК. /Live Science/. Олон улсын эрдэмтдийн баг өвөрмөц шинж чанар бүхий өндөр цацраг идэвхт шинэ изотопыг нээжээ. Эрдэмтэд үүнийгээ уран-241 гэж нэрлэсэн байна.
Уран-241 нь ураны бүхий л изотоптой нэгэн адил 92 протон, харин 149 нейтронтой. Сүүлийнх нь ховор тохиолддог бөгөөд өмнө нь физикчид нейтроноор баялаг ураны изотопыг 40 орчим жилийн өмнө нээж байсан юм.
Уран нь "актинид" гэж нэрлэгддэг, үелэх системийн элементүүдийн ангилалд багтдаг. Тэдгээрийн протоны тоо 89-103 хооронд хэлбэлздэг ажээ. Бүх актинид нь цацраг идэвхт боловч ураныг радий, полоний, торийн хамтаар хамгийн их цацраг идэвхт дөрвөн элементийн нэг гэж тодорхойлдог.
"Бид актинидын 19 өөр изотопын массыг өндөр нарийвчлалтайгаар хэмжсэн. Тэдний дунд ураны шинэ изотоп байсан. Энэ бол 40 гаруй жилийн хугацаанд нейтроноор баялаг изотопын анхны шинэ нээлт юм" гэж Японы өндөр эрчим хүчний хурдасгуур судалгааны байгууллагын (KEK) “Wako” Цөмийн шинжлэх ухааны төвийн (WNSC) судлаач Тошитака Ниваза тайлбарлав.
Түүний хэлснээр, багийнхан уран-241-ийн хагас задралын хугацааг хараахан хэмжиж амжаагүй байгаа ч онолын хувьд 40 минут орчим гэж тооцоолжээ. Энэ нь бага хугацаа аж. Нүүрстөрөгч-14-ийн хагас задралын хугацаа 5730 жил, маш тогтворгүй технециум-99м изотопынх зургаан цаг, франц-223-ын хагас задралын хугацаа 22 минут байдаг байна.