БНХАУ-ын Манжуур хотын үзэсгэлэн, бизнес уулзалт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-04-21 17:11:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн, худалдаа гарч байна. Энэ үеэр Манжуур хотын эдийн засаг-хамтын ажиллагааны төсөл танилцуулах уулзалт боллоо.


Энд, аялал жуулчлал, олон улсын худалдаа, тээврийн “Порт” групп, мөн хөрөнгө оруулалтын “Фада” аж үйлдвэрийн компани, Хятадын “Төмөр зам баялаг" группийн “Шинь шинь” компани, хар тугалга, цайрын уурхайн олборлолт, боловсруулалтын “Жинюань Кайтай” импорт, экспортын компани, автомашины худалдааны “ИфэнХаоДа” компани болон Манжуур хотын хүнсний бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, соёлын зуучлал, соёл урлагийн тоглолт, хувцас загвар, соёлын арга хэмжээний “Нара” зэрэг компанийн төлөөлөл оролцож байна.


Хавирга-Ар хашаат боомтыг уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортын гүүр болгон өргөжүүлнэ.


Манжуур хотын эдийн засаг-хамтын ажиллагааны төсөл танилцуулах уулзалтыг МҮХАҮТ, БНХАУ-ын Манжуур хотын Ардын Засгийн ордон, Манжуур хотын худалдааны товчоо, Гадаад харилцааны газар, МҮХАҮТ-ын Дорнод аймаг дахь салбар танхим хамтран зохион байгууллаа. Уулзалтад УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун оролцож, Монгол Улсын Засгийн газраас Боомтын сэргэлт, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгааг тэмдэглээд, энэ хавраас Чойбалсан-Хавирга-Ар хашаат чиглэлийн засмал замын ажил эхэлнэ. Цаашид Хавирга-Ар хашаат боомтыг зөвхөн иргэд зорчихоос гадна аялал жуулчлал, уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох боомт болгон өргөжүүлнэ гэв.


Уулзалтад МҮХАҮТ-ын удирдлагууд, БНХАУ-ын Манжуур хотын Ардын Засгийн ордны дарга Юүэ Гуо Донг, Манжуур хотын Захиргааны ерөнхий газрын дарга Ван Хуй, Худалдааны товчооны дарга Лю Жи Чэн, Гадаад харилцааны газрын дарга Жан Жи Жиэ, Хөгжил шинэтгэлийн хорооны дарга Ши Шиэн Вэй болон хоёр орны ААН-ийн төлөөллүүд оролцов.


Энэ үеэр БНХАУ-ын “Фада групп Монголын бараа бүтээгдэхүүнийг хилийн чөлөөт бүсэд татваргүй нэвтрүүлэх боломж, Порт групп Манжуур хотоос эхлэлтэй Хятадын бусад томоохон хотын аяллын хөтөлбөрийг тус тус танилцуулж, Монголын компаниудтай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ.


Мөн Манжуур хотын Худалдааны товчоо, МҮХАҮТ-ын Дорнод аймаг дахь салбар танхим “Хятад, Монголын зэргэлдээ бүс нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны санамж бичиг”, Манжуур хотын Портгруппийн аялал жуулчлалын агентлаг Монголын "Альфа Юнити" ХХК хооронд “Манжуур-Монгол улс хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааны санамж бичиг”, Манжуур хотын Фада групп Монгол Улсын үйлдвэрлэгчдийн холбоо ”Хятад-Монголын худалдааны бүсийн хамтын ажиллагааны санамж бичиг”, "Шинь шинь" ХХК, “HHI” ХХК хооронд “Уул уурхайн барилгын материалын хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг тус тус байгуулж, хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа.

Манжуур хот нь БНХАУ-ын хилийн аялал жуулчлалын бүс бөгөөд үр тариа, автомашин импортолж, хил дамнасан цахим худалдааг явуулж байна. "Бүс ба зам" болон Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын чухал зангилаа хотын хувьд Хятад-Оросын худалдааны хуурай замын тээврийн 65 гаруй хувийг эзэлдэг, Хятадын хамгийн том хуурай замын боомт юм.




Холбоотой мэдээ