БАЯНХОНГОР: Аяны шилдгүүдийг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-05-03 10:08:46

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Залуучуудын хөгжлийн төв хамтран "Нэг хамт олон - Нэг сайн дурын ажил" аяныг зохион байгууллаа.


Аяны хүрээнд байгууллага, хамт олноороо хүрээлэн буй орчноо сайжруулах, нийтэд ач тустай ажил зохион байгуулах, бусдад сайн үйлсийг дэлгэрүүлэх нөлөөллийн ажлыг зохион байгуулж, шилдгүүдийг шалгаруулсан байна.


Баянхонгор аймгийн 20 сумын ЕБС, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, ТББ, сонирхлын бүлэг, хүүхдийн оролцооны клуб хамрагдсан тус аянд нийт 35 аж ахуйн нэгж, албан байгууллага, хамт олон санаачилга гарган оролцжээ.


Шалгаруулалтаар, Тэргүүн байрт Д.Энхжаргал даргатай Баянхонгор аймгийн ЗДТГ-хамт олон, дэд байрт Ц.Буянтогтох захиралтай Баянговь сумын ЕБС-ийн хамт олон, гутгаар байранд Т.Отгонбаатар даргатай ОНӨААТҮГ-ын хамт олон шалгарсан байна.



Ташрамд, Баянхонгор аймгийн ЗДТГ-ын хамт олон нэгдэж, өрх толгойлсон эхчүүдийн төлөөлөл болох гурван хүүхэдтэй бүсгүйд гэр барьж өгчээ. Тухайн өрх айлын хашаанд гэр түрээслэн амьдардаг бөгөөд гурван хүүхдийн бага нь цэцэрлэгийн насанд хүрэх болоогүй учир залуу ээж ажил хийх боломжгүй, гэртээ хүүхдээ асардаг байна. 

Нөхцөл байдалтай танилцсаны дараа ЗДТГ-ын нийт ажилтан, албан хаагчид халуун сэтгэлээр нэгдэн хөдөлмөрийн хөлснөөсөө тус бүр 30 мянган төгрөг хандивлан ийнхүү өөрийн гэсэн орон гэртэй болгосон нь аяны шилдгээр шалгарсан байна.

Холбоотой мэдээ