ГОВЬ-АЛТАЙ: Төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагууд хос бичигт шилжлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙЕсөнбулаг /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагууд тавдугаар сарын 1-нээс хос бичигт шилжлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III, “Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 7 дугаар тогтоол, "Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага MNS 6395:2022 стандартыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын 2023 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн А/198 дугаар захирамжаар тавдугаар сарын 1-нээс албан бичиг, захирамжийг хос бичгээр үйлдэх үүрэг чиглэлийг баталсны дагуу төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагууд хос бичигт шилжлээ.
Төрийн албан хэргийг 2025 оноос хос бичгээр хөтлөн явуулахаар хуульчилсантай холбогдуулан төрийн албан хаагчдад монгол бичгийн цахим бичвэрийн сургалтыг 2023 оны дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хугацаанд зохион байгууллаа. Сургалтыг Монгол хэлний тухай хууль, Монгол Улсын Засгийн газраас баталсан "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III", аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд явуулсан аж.
Аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Насан туршийн боловсролын төв, монгол хэл бичгийн багш Д.Мөнхцэцэг нар хамтран 67 байгууллагын 400 албан хаагчийг тус сургалтад хамруулсан байна. Сургалтаар монгол бичгийн үсгийн фонтыг хэрхэн суулгах, гарын байрлал болон бичих чиглэлийг хэрхэн хувиргах, windows үйлдлийн системийн "Байти" фонт дээр бичих, хөрвүүлэх, тийн ялгалын нөхцөлүүдийг хэрхэн бичих агуулгын хүрээнд явуулжээ.
Сонирхуулахад, "Байти" фонт нь аливаа үсгийн дараа ямар нэгэн үсэг дарахад эхэнд байсан үсэг нь дунд, дунд байсан үсэг нь адагт болох зарчмаар хувиргаж бичдэг аргад суралцах давуу талтай аж. Мөн монгол бичгээр тоог бичихдээ "Улаанбаатар" фонтыг ашиглах талаар сургалтын үеэр мэдээлэл өгчээ. Ингэснээрээ Говь-Алтай аймаг төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагууд тавдугаар сарын 1-нээс эхлэн бүх аймгаас түүчээлж албан бичгээ хос бичгээр явуулж эхэллээ.