ДУНДГОВЬ: “Оёдлын салбарын кластер-20000” төслийг Дундговьд хэрэгжүүлэхээр гэрээ байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-05-10 10:41:08
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. “Монголын ногоон хөгжил оёдлын үйлдвэр, худалдааны хамтын зөвлөл” ТББ-ын тэргүүн Л.Мягмаржав, Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбаттай “Оёдлын салбарын кластер-20000” төслийн хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулав.

Тус гэрээнд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан 160 ажлын байр шинээр бий болгож, Дундговь аймагт орчин үеийн өндөр үр ашигтай техник, технологи, кластерийн бүтэц, зарчим дээр суурилсан орчныг бүрдүүлэн үйлдвэрлэлийг дэвшилтэт техник, технологи, инновацид тулгуурлан хөгжүүлж, “Оёдлын кластерын загвар дэд төв”-ийг байгуулахаар тусгажээ. Ингэснээр экспортыг нэмэгдүүлж, импортыг орлоход чиглэсэн бүтээгдэхүүн гаргаж, орон нутгийн эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг нэмэгдүүлэн бэхжүүлэх юм.

“Оёдлын салбарын кластер-20000” төсөл нь Монгол Улсын оёдлын салбарыг кластерын бүтцээр хөгжүүлэх, импортыг орлох экспортын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, 2025 он хүртэл 20000 ажлын байр бий болгон оёдлын салбарыг хөгжүүлэх зорилгоор хэрэгжиж байна.

Уг төслийг Таван богд Финанс ХХК, Грийн Монгол Аппарел ХХК, Таван богд Билдинг Саплай ХХК хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд 5 хүртэлх жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй, 80,0 хүртэл сая төгрөгийн зээлээр Японы Japsew брэндийн оёдлын машины багцыг худалдан авч, үйлдвэрээ тоноглон оёдлын салбарын бизнес эрхлэгчидтэй хамтран кластерын бүтцээр хөгжих, суралцах боломжийг бий болгож байгаа онцлогтой юм. 

Холбоотой мэдээ