ДАРХАН-УУЛ: Хүүхдийг зам тээврийн ослоос хамгаалах сан байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-05-15 14:29:35

Дархан /МОНЦАМЭ/. Зам тээврийн ослын улмаас амиа алдсан өсвөр насны хүүгийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Зүрхэнд гэрэлтэнэ” УСК Дархан хотод нээлтээ хийлээ.  

Киноны ерөнхий продюсер Л.Батсайханы 16 настай хүү хоёр жилийн өмнө зам тээврийн осолд орж харамсалтайгаар амиа алдсан бөгөөд хүүгийнхээ болон зам тээврийн ослоор нас барсан хүүхэд бүхний гэгээн дурсгалд зориулж кино бүтээхээр зорьжээ.



Киноны дүрүүдэд талийгаач хүүгийн найзууд тоглосон бөгөөд өөрөө, өөрийнхөө дүрийг дэлгэцэд мөнхөлж найзынхаа хүсэл мөрөөдлийг уран сайхнаар илэрхийлэхэд, хамтдаа оролцсондоо талархалтай байгаагаа илэрхийлж байлаа.




Нээлтийн үеэр ерөнхий продюсер Л.Батсайхан хэлсэн үгэндээ: Киноны орлогын тодорхой хувийг сайн үйлсэд зарцуулна. Ингэхдээ “Хүүхдийг зам тээврийн ослоос  хамгаалах сан” байгуулсан гэдгийг онцоллоо.


Өсвөр насны хүүхдүүдийг чөлөөт цагаа спорт, урлагаар хичээллэхийг уриалсан, хамтдаа найз нөхөдтэйгээ нэгдэж хүсэл мөрөөдлийнхөө төлөө явах эхлэлийг тавих, хоосон чамирхалд хэт автах бус, амьдралын зорилготой, түүндээ хүрэхийн тулд тэмүүлэлтэй байх ухаарал өгөхийг зорьсон гэж ерөнхий найруулагч Б.Отгонзориг хэллээ.




Сүүлийн үед хүүхэд, багачууд дугуйтай зам тээврийн хөдөлгөөнд оролцох нь нэмэгдсэн. Мөн дугуйт төрлийн бүх хэрэгслийг унахдаа хамгаалалтын өмсгөл, толгойн хамгаалалт буюу зориулалтын малгай өмсөж байхыг уран бүтээлчид анхааруулж байлаа.




Мөн энэхүү киног бүтээхэд аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ, Замын цагдаагийн тасагтай хамтран зураг авалт хийх болон бусад хэлбэрээр дэмжин ажилласан аж.

Сүүлийн таван жилийн хугацаанд 280 гаруй буюу жилд 50-60 орчим хүүхэд зам тээврийн ослын улмаас амиа алдсан харамсалтай тоо баримт байдаг аж. Хүсэл мөрөөдлөө гүйцээж чадалгүй зам тээврийн осолд өртөж амиа алдсан зүрх бүхэнд зориулж, нөгөөтэйгүүр зам тээврийн ослыг бууруулахад чиглэсэн уг киног үзэхийг ерөнхий продюсер уриалж байлаа.



Холбоотой мэдээ