"Найрамдал” ирвэсээс мэдээлэл ирэхээ больжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-09-08 18:44:36

Цоохор ирвэсийг судлах зорилгоор ДБХС-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд Ховд аймгийн Жаргалантхайрхан уулнаас 2015 онд хоёр ирвэс барьж сансарын дохиолол бүхий хүзүүвч зүүсэн тухай өмнө бид мэдээлж байсан билээ.

Үүний нэг нь “Найрамдал” нэртэй ирвэс. Ирвэсийг 2015 оны 11 сард хүзүүвчилсэн бөгөөд энэ хугацаанаас хойш мэдээлэл тогтмол ирж байв. Харамсалтай нь, 2016 оны зургадугаар сарын 10-наас “Найрамдал” ирвэсээс мэдээлэл ирэхээ больжээ.

Мэргэжилтнүүд шалтгааныг нь тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд хүзүүвчний зай нь дуусаагүй гэдгийг одоогоор тогтоогоод байна. 2016 оны тавдугаар сарын 1 хүртэлх мэдээллээр бол  “Найрамдал” ирвэс 6443 га нутгийг эзэмшин амьдарч байв.      

Сонирхуулахад, ийм явдал өмнө нь тохиолдож байсан юм.  Орос, Монголын мэргэжилтнүүд 2014 онд Увс аймгийн “Цагаан шувуут” ууланд гурван настай ирвэс барьж хүзүүвч зүүсэн юм. Хүзүүвч зүүснээс хойш  4 сар 10 хоногийн дараа ирвэснээс  дохиолол ирэхээ больсон билээ. Гэтэл уг ирвэс хоёр сарын дараа ДБХС-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүдийн тавьсан автоматкамерын бичлэгт орж амьд байгаа нь тодорхой болсон бөгөөд хүзүүвчтэйгээ явж байсан юм. Хүзүүвчтэй боловч мэдээлэл өгөхгүй байгаа нь хүзүүвчний антенн гэмтсэнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд таамаглаж байлаа.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ