БАЯНХОНГОР: Нарны алхалтыг 9 дэх жилдээ өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-05-19 10:30:44

Баянхонгор /МОНЦАМЭ/. Нарны алхалтыг Баянхонгорынхон 9 дэх жилдээ өрнүүлж байна. Алхагчид бямба гараг бүрийн 8.00 цагт Баганат талбайд цуглаад Оготнот булаг хүртэл алхаж, өглөөний дасгал хийдэг аж.


2014 оны тавдугаар сарын 16-нд ард иргэд, албан байгууллагуудыг хамруулан Нарны алхалтыг хийж эхэлсэн бол энэ оны эхний алхалтад 21 байгууллагын 235 алба хаагч, Баянхонгор сумын ахмадууд, иргэд, бүжгийн клубүүд, Баянхонгор аймгийн Явган алхалтын холбоо, Дугуйчдын нэгдсэн холбооныхон зэрэг нийт 600 шахам иргэн нэгджээ.



Хүн өдөрт нэг километрт буюу 1000 алхам газар алхсанаар цусны эргэлт сайжирч зүрх судасны өвчлөлөөс өөрийгөө сэргийлээд зогсохгүй хөдөлгөөний дутагдалтай холбогдох өвчлөлийг тусахгүй байх боломжтой байдгийг эмч мэргэжилтнүүд сануулж буй. Алхалтад оролцсоноор өглөөний цэвэр агаар амьсгалж, идэвхтэй хөдөлгөөн хийж чийрэгжин, ажлын алжаалаа тайлах боломжтой. 

Сонирхуулахад, Нарны алхалтыг сумдад ч зохион байгуулдаг бөгөөд тогтсон өдрүүдэд сумын төв талбайгаасаа өндөрлөг хэсэгт гарч дасгал хөдөлгөөн хийдэг байна.


Холбоотой мэдээ