Бүгд Найрамдах Франц Улсын талаарх мэдвэл зохих баримтууд

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2023-05-21 17:56:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад энэ сарын 21-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байгаатай холбогдуулж тус улсын талаарх зарим мэдээллийг хүргэж байна.


Албан ёсны нэр нь Бүгд Найрамдах Франц Улс. Зүүн талаас босоо байрласан хөх, цагаан, улаан өнгийн төрийн далбаатай. Төрийн дуулал нь “Марсэез”. Төрийн уриа нь “Эрх чөлөө, Тэгш эрх, Ахан дүүсийн ёс”. Үндэсний баяр нь 1789 оны 7 дугаар сарын 14-нд Бастилийн шоронг чөлөөлсөн өдөр буюу 7 дугаар сарын 14-ний өдөр. Нийслэл нь Парис хот. 


Газар нутаг. Францын нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 640 427 хавтгай дөрвөлжин километр байдгаас их газар нь 549 970 хавтгай дөрвөлжин км бөгөөд үүний гуравны хоёр нь хээр тал нутаг. Альп, Пиреней, Жура, Арденн, Вож /Вагез/, Төвийн уулархаг нутаг /Massif Central/ гэсэн уул нуруудтай. Газар зүйн хамгийн өндөр цэг нь Альпийн нуруунд орших далайн түвшнээс дээш 4807 метр өндөр Монблан оргил. Бельги, Люксембург, Герман, Швейцарь, Итали зэрэг улстай зүүн талаараа, Испани, Андорра, Монако зэрэг улсуудтай өмнөд хэсгээрээ шууд хиллэж, далайн чанадын газар нутаг буюу эзэмшил арлаараа Бразил, Суринам улсуудтай хиллэдэг. Атлантын далай, Хойд далай болон Газар дундын тэнгисээр хөвөөлдөг. Далайн эргийн нийт урт нь 4853 км. Өмнөд болон баруун зүгийн нутгуудаараа далайн зөөлөн уур амьсгалтай, хойд болон баруун зүгийн нутгаараа эх газрын уур амьсгалтай.


Франц нь 68,04   сая хүн амтай (2023  оны 1  дүгээр сарын 1-ний байдлаар) бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийд 21 дүгээрт, Баруун Европт ХБНГУ-ын дараа хоёрдугаарт бичигддэг. Нийт хүн амын 20% нь цагаачид бол 8,7 % нь гадаадын харьяат иргэд. Гадаадын иргэдийн дотор алжир, марокко, португал, итали, испани, армян үндэстэн голлодог. Хүн амын өсөлтийн хурдац буурах хандлагатай. 


Төрийн албан ёсны хэл нь – франц хэл. Провансаль, бретон, альзас, корсик, каталан, баск, фламан зэрэг нутгийн 77 хэлтэй. Шашны бүх төрөл урсгалтай орон. нийслэлийн 18-59 насны хүмүүсийн дунд 2019-2020 онд явуулсан судалгаагаар, тэдний 51% нь шашин шүтдэггүй гэсэн бол энэ дүн үндсэн хүн амын дунд өсөж, 58%-д хүрсэн байна. Хүн амын хамгийн их буюу 29% нь католик, удаах байруудад 10% нь лалын, 9% нь христийн шашин шүтдэг. Мөн буддын болон жүүдийн шашинтнууд тодорхой хувийг эзэлдэг. 


Товч түүх. Орчин үеийн Франц Улсын нутаг дэвсгэрийн тухай анхны тэмдэглэлүүд Төмөр зэвсгийн үеийн түүхэн баримтад гардаг бөгөөд эртний Ромд Галл гэгддэг бүс нутгийн гол хэсэг байв. Франкийн хаан I Кловис 5-р зуунд Галлийн ихэнх хэсгийг өөрийн эрхшээлдээ нэгтгэж, энэ бүс нутагт олон зууны турш Франкийн ноёрхлыг тогтоосон. Дундад зууны үеийн Францын Хаант Улс Капетийн гүрний үед хамгийн хүчирхэг байсан. Далайчин Жак Картье 1534 онд Америк тивийн Ньюфаундлендад очсоноос эхлэн Франц Улсын колоничлолын түүх эхэлсэн. Бастилийн цайзыг 1789 онд эзэлж авснаар эхэлсэн Францын хувьсгал хаант засаглалын хэмжээгүй эрхийг хязгаарлаж, хүний эрх, иргэний эрхийг тунхаглаж, 1792 онд Бүгд Найрамдах Франц Улсыг байгуулсан. I Наполеон Бонапарт 1799 онд Засгийн эрхэнд гарч, 1804 онд Францын Эзэнт гүрнийг тунхаглав. 1830 онд дахин хувьсгал хийж, Хоёрдугаар Бүгд Найрамдах Улс, 1870 онд Гуравдугаар Бүгд найрамдах улсыг тус тус байгуулсан. 


Дэлхийн нэгдүгээр дайны үед Франц Улс Их Британи, Оросын хамт Антантын эвсэлд нэгдэж, Герман, Австри-Унгар, Италийн Гурвалсан холбооны эсрэг тулалдаж байсан. Дэлхийн хоёрдугаар дайны үед Франц Улс Холбоотны эвслийн улс байсан ч 1940 онд нацист Германд эзлэгдсэн. 1944 онд чөлөөлөлтийн үеэр Дөрөвдүгээр Бүгд Найрамдах Улсыг тунхагласан боловч 1958 оны Алжирын хямралын үеэр оршин тогтнохоо больсон. Тавдугаар Бүгд Найрамдах Улсыг Шарль де Голль тунхагласан. 1960-аад онд Францын колони байсан улс орнууд тусгаар тогтнож, зарим нь Францын  далайн чанад дахь газар нутгийн статусыг хадгалсан. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Франц Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орон. 


Францын төрийн байгууламж: Бүгд найрамдах улс. 1958 онд бүх нийтийн санал асуулгаар батлагдсан одоог хүртэл хүчин төгөлдөр Үндсэн хууль нь Тавдугаар Бүгд Найрамдах Улсын дэглэмийг тогтоосон. Энэ дэглэмийн үндсэн шинж чанар нь Ерөнхийлөгчийн өргөн эрх мэдэл, парламентын өндөр хяналт, хүчтэй гүйцэтгэх засаглал юм. Үндсэн хуульдаа БНФУ-ыг нэгдмэл улс хэмээн тодорхойлсон. Үндсэн хуульд 2001 онд өөрчлөлт оруулснаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгчийг 7 жилээр бус, 5 жилээр бүх нийтийн санал асуулгаар сонгодог болсон. Үндсэн хуульд 2003 онд орон нутгийн засаг захиргааны эрх мэдлийг өргөжүүлж, 2005 онд Европын Холбооны хууль тогтоомжтой нийцүүлсэн өөрчлөлтүүдийг хийсэн.


Засаг захиргааны хувьд Франц нь нийт 18 муж, 101 департаменттайгаас эх газрын Европт 13 муж, 96 департамент нь байдаг.  Далайн чанад дахь нутаг дэвсгэр нь 5 департамент (Гваделуп, Гвиана, Мартиник, Реюнион, Маёотт),  эзэмшил газар нутаг (Шинэ Каледон, Гэгээн Бартэлэми, Гэгээн  Мартин, Антарктид дахь болон өмнө зүгийн Францын эзэмшил газар, Уоллис, Футуна зэрэг эзэмшил нутаг) болон Клипперто арал, Гэгээн Пьер-Микелон, Францын Полинэз арлууд зэрэг тусгай статустай захиргааны нэгжид хуваагддаг. Засаг захиргааны үндсэн нэгж нь коммун (хот) бөгөөд нийтдээ 35028  коммунтай .


Ерөнхийлөгчийг таван жил тутамд мажоритар системийн зарчмаар хоёр шаттайгаар бүх нийтийн шууд санал хураалтаар сонгодог. Ерөнхийлөгчийн үндсэн үүрэг нь Үндсэн хуулийн хэрэгжилтийг чанд сахин мөрдөх, төрийн байгууллагуудын зохистой үйл ажиллагааг хангах явдал юм. Гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлийн бүхий л үйл ажиллагаанд Ерөнхийлөгч шийдвэрлэх үүрэгтэй. Тэрээр Ерөнхий сайд болон засгийн газрын гишүүдийг томилох, Сайд нарын Зөвлөл, Батлан хамгаалах, аюулгүй байдлын Зөвлөл, Дотоод аюулгүй байдлын асуудлаарх Зөвлөл зэрэг дээд байгууллагуудыг тэргүүлэх, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, төрийн болон цэргийн албаны дээд албан тушаалтнуудыг томилох, хууль батламжлах, хуулийн төслөөр бүх нийтийн санал асуулга явуулах, парламентыг тараах зэрэг эрх, үүрэгтэй. 


Засгийн газар нь улс орны бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй. Парламентын өмнө хариуцлага хүлээнэ. Үндэсний хурлын бүх гишүүдийн дийлэнх олонхын саналаар Засгийн газарт итгэл үл үзүүлэх замаар огцруулж болно. Одоогийн Засгийн газар нь 2022 оны 5 дугаар сард шинэчлэн байгуулагдсан бөгөөд Ерөнхий сайд Элизабет Борн нь өмнө нь Тээврийн асуудал хариуцсан Экологийн шилжилтийн сайд, Хөдөлмөр, ажил эрхлэлт, нийгмийн оролцооны сайдын албан тушаалыг тус тус хашиж байсан. Засгийн газар нь Ерөнхий сайдаас гадна 16 сайд болон 19 Төрийн нарийн бичгийн даргаас бүрддэг.


Хууль тогтоох дээд байгууллага нь Үндэсний Ассамблей, Сенат гэсэн хоёр танхимтай. Улсын төсөв, татвар, иргэний болон эрүүгийн хэргийн эрх зүй, хөдөлмөрийн болон сонгох, сонгогдох эрх, гадаад болон батлан хамгаалах салбарын ерөнхий бодлого, боловсрол, нутгийн өөрөө удирдах ёс, олон улсын гэрээ, хэлэлцээрийг батлах зэрэг асуудал хууль тогтоох дээд байгууллагын эрх, үүрэгт хамаарагддаг. 


Парламентын доод танхим болох Үндэсний Ассамблей нь 577 депутаттай. Таван жил тутамд бүх нийтийн шууд, нууц санал хураалтаар сонгогддог. Нэг мандаттай тойргийн зарчмаар санал хураалтын хоёр шаттай мажоритар системээр парламентын доод танхимыг сонгодог.  Үндэсний Ассамблейн сүүлийн сонгууль 2022 оны 6 дугаар сарын 12, 19-нд хоёр үе шаттайгаар явагдсан. Энэ сонгуулийн дүнд улиран сонгогдсон Ерөнхийлөгч Э.Макроны нам Бүгд найрамдахчууд урагшаа нам “Хамтдаа” эвсэл  245 суудал авсан нь дийлэнх олонх болж чадаагүй. Үндэсний Ассамблейн 18 дахь дарга Яэл Брун-Пивэ (Yaлl Braun-Pivet) нь Үндэсний ассамблейн анхны эмэгтэй даргаар сонгогдоод байна.


Сенат нь орон нутгийн засаг захиргааны төлөөллийг бүрэн хангасан байдаг. Сенатын гишүүнийг шууд бусаар өөрөөр хэлбэл Үндэсний хурлын гишүүд, хотуудын засаг дарга нар, муж болон департаментын иргэдийн хурлын төлөөлөгчид зэрэг сонгогчдоос бүрдсэн хэсэг сонгодог. Сенатын дарга нь улсын Ерөнхийлөгчийн дараа хоёрт эрэмбэлэгдэх төрийн өндөр албан тушаалтан бөгөөд Ерөнхийлөгчийн албан тушаал эзэнгүй болсон тохиолдолд шинэ Ерөнхийлөгч сонгогдох хүртэл Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэнэ. 


Үндэсний хурал, эсвэл Засгийн газраас ирүүлсэн хуулийн төслийг хэлэлцэн батална. Хэрэв Сенат аливаа хуулийн төслийг батлалгүй хоёр удаа буцаах тохиолдолд Үндэсний хурал давуу эрхээрээ баталдаг. Сенатын бүрэлдэхүүн 3 жил тутамд гуравны нэгээр шинэчлэгддэг. Сенатын гишүүний сонгуульт хугацаа 6 жил. Сенатын танхим нь 348 гишүүнтэй бөгөөд сүүлийн сонгууль 2017 оны 9 дүгээр сард болж нийт гишүүдийн 1/3 буюу 170 гишүүнийг шинээр сонгох сонгууль болсон. Сонгуулиар Бүгд Найрамдах нам 146 суудалтайгаар олонх болсон. Сенатын даргаар 2014 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн Ардын хөдөлгөөний нэгдэл намыг төлөөлж ноён Жерар Ларшэ сонгогдон ажиллаж байна.


Үндсэн хуулийн Зөвлөл буюу Цэц нь Францын төр, захиргааны байгууллагуудын бүхий л үйл ажиллагаанд Үндсэн хуулийн заалтуудыг зөв хэрэгжүүлж байгаа эсэх, Ерөнхийлөгчийн сонгууль болон олон нийтийн санал асуулга хуулийн дагуу явагдсан эсэхэд хяналт тавих, батлагдан гарч буй хуулиуд Үндсэн хуультай нийцэж байгаа эсэхэд хяналт тавих зэрэг үндсэн үүрэгтэй. 


Засгийн газар эсвэл 60-аас доошгүй тооны депутат хамтран аливаа хуулийн асуудлаар Үндсэн хуулийн Зөвлөлд хандаж болно. Үндсэн хуулийн Зөвлөл 9 жилийн хугацаагаар ганц удаа сонгогддог 9 гишүүнтэй бөгөөд Ерөнхийлөгч, Үндэсний хурлын дарга болон Сенатын дарга нар тус тус 3 хүнийг нэр дэвшүүлэн томилдог. Үндсэн хуулийн Зөвлөлийн даргыг Ерөнхийлөгч томилдог. Одоогийн дарга нь 2016 онд томилогдсон Лоран Фабиус. Үндсэн хуулийн Зөвлөлийн бүрэлдэхүүнд эдгээр 9 гишүүнээс гадна Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан улс төрийн зүтгэлтнүүд байнга ажиллахаар орж болдог.


Төрийн Зөвлөл нь Засгийн газрын дэргэд зөвлөх эрхтэй байгууллага. Засгийн газраас батлан гаргах хуулийн төсөл болон эрх, хэмжээ тогтоосон шийдвэрүүдийн төслийн талаар зөвлөмж гаргах үндсэн үүрэгтэй. Түүнчлэн төрийн захиргааны шүүхийн зарим үүргийг гүйцэтгэдэг. Төрийн зөвлөлийг Ерөнхий сайд тэргүүлдэг.


Эдийн засаг, нийгэм, байгаль орчны зөвлөл нь эдийн засаг, нийгмийн асуудлаарх хууль болон тогтоолын төсөлд зөвлөх үүрэгтэй төрийн байгууллага. Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал нь Эдийн засаг, нийгмийн Зөвлөлийн зөвлөмжийг харгалзан үздэг байна. Зөвлөлийн бүрэлдэхүүнд Францын нийгэм, улс төрийн бүхий л ашиг сонирхлын бүлэглэлүүд багтдаг. Үйлдвэрчний эвлэл, ажил олгогч эздийн холбоо, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл багтдаг. Ерөнхийлөгч Э.Макрон бүрэн эрхээ авснаар тус зөвлөлд байгаль орчны асуудлыг багтаан оруулсан байна. Засгийн газрын хүсэлтийн дагуу хуулийн төслийг хэлэлцэх зорилгоор чуулахаас гадна өөрөө хууль санаачлах эрхтэй. Нийгэм, эдийн засгийн бүхий л чиглэлийг хамарсан 9 хороо, 18 ажлын хэсэгтэй. Тус зөвлөлийн Ерөнхийлөгчөөр ноён Терри Буде нь 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс сонгогдон ажиллаж байна. 


Орон нутгийн засаг захиргаа. Муж, департамент, коммуны иргэдийн хурлын төлөөлөгчдийг бүх нийтийн шууд санал хураалтаар 6 жил тутамд сонгодог. Эдгээр шатны иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тухайн орон нутгийн төсвийг хэлэлцэн баталдаг. Муж, департаментад төвийн засаг захиргааг Ерөнхийлөгчийн томилсон төлөөлөгч болох префект төлөөлнө.


Зэвсэгт хүчин. Баруун Европт мэргэжлийн үндсэн дээр зохион байгуулагдсан хамгийн том зэвсэгт хүчнүүдийн нэг нь Францын арми. Зэвсэгт хүчинд ноогдох төсөв 2022 онд 49,6 тэрбум евро /үүнээс 8,7 тэрбум евро нь тэтгэврийн сан/. Энэ нь нийт улсын төсвийн 14,5 хувийг эзэлж байна. Тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэнээр, дээрх нэмэлт төсвийн дийлэнх хувь нь хуучирсан цэрэг зөөвөрлөгч хуягт машинуудыг шинэчлэх, шатахуун түгээгч онгоцны тоог нэмэгдүүлэх болон цөмийн зэвсэглэлээ сайжруулахад зарцуулагдана гэв. Мөн үлдсэн хэсгийг цэргүүдийн цалинг нэмэгдүүлэх, бэлтгэлийн сайжруулах, нийгмийн халамжийг нэмэгдүүлэх болон шинэ төрлийн сум нэвтэрдэггүй хантааз, шөнийн дуран худалдаж авахад зарцуулна гэв. 2025 он гэхэд Франц Улсын Батлан хамгаалах салбарт 6000 ажлын байр нэмэгдэхээс 3000 нь цахим аюулгүй байдлын чиглэгдэнэ.


Улс төрийн намууд. Тус улсад 2020 оны байдлаар 579 улс төрийн нам бүртгэгджээ. 

Холбоотой мэдээ