ДУНДГОВЬ: Хүүхдийн спортын VII наадмын төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь /МОНЦАМЭ/. Монголын хүүхдийн спортын VII наадмын төвийн бүсийн
аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн Мандалговь хотноо эхэллээ. Тэмцээнд
Дундговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Өмнөговь аймгийн эрэгтэй 4, эмэгтэй 4 багийн 100
гаруй тамирчин оролцож байна.
Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат тэмцээний нээлтийн үйл
ажиллагааны үеэр гар бөмбөгийн төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг Дундговь
аймагт зохион байгуулж буйд талархал илэрхийлж, тус спортыг Дундговь аймагт хөгжүүлэхэд
үнэтэй хувь нэмэр оруулсан Дэрэн сумын уугуул монгол хэл, уран зохиолын багш,
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Анжийн Доржсүрэн болон үе үеийн ахмад багш
нар, спортын холбоод, клубийн багш, дасгалжуулагч нарт баяр хүргэжээ. Мөн
тэмцээнд оролцож буй нийт баг тамирчдад амжилт хүссэн юм.
Тэмцээн энэ сарын 22-23-ны өдрүүдэд үргэлжлэх ба эхний 3 байрт шалгарсан багууд Монголын хүүхдийн спортын VII их наадмын шигшээ багийн тэмцээнд оролцох эрхтэй болно.