ХОВД: Баатархайрхан уулыг энэ сард тахина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант /МОНЦАМЭ/. Баатархайрхан уулын тахилга 2023 оны 5 дугаар сарын 28-29-ний өдөр Ховд хотод болно.
Хүүхэд
залууст эх дэлхийгээ хайрлан хамгаалах, байгальтай зөв боловсон харьцах үзлийг
төлөвшүүлэх, Дэлхийн ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэсэн Монголын
уламжлалт томоохон соёл болох уул овоо тахих зан үйлийг иргэдэд сурталчлах, түүх, өв соёл, ёс заншлаараа бахархах үзлийг
түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх зорилгоор Баатархайрхан уулыг тахих ажил
зохион байгуулах гэж байна. Энэ
үеэр 256 бөхийн барилдаан, олон угсаатны өв соёлын үзүүлбэр зэрэг олон талт үйл
ажиллагаа өрнөнө.
Монгол
Улсын соёмбо бүхий Баатархайрхан уул
нь Ховд
аймгийн төвөөс 8
км зайд бий. Тал газарт тасарч
тогтсон энэхүү уул хүмүүсийн нүдэнд содон харагдаж, соёмбо үсгээр чимэглэсэн
нь түүхэн учир холбогдолтой.
Энэхүү
уулыг 1911 оноос өмнө Талын улаан гэж нэрлэдэг байжээ. Улмаар 1912 онд Ховд
хотыг Манжийн дарлалаас чөлөөлөхөд Талын улаан уул түүхэн үүрэг
гүйцэтгэсэн.
Тодруулбал,
сангийн хэрэмд төвхнөж, хятад цэргээр хамгаалуулсан Манжийн амбаныг
дайлахаар тус ууланд Хатанбаатар С.Магсаржав жанжны цэргүүд
шивээлэн буужээ. Улмаар эсрэг ууланд байрласан Манлайбаатар
Ж.Дамдинсүрэн, шар сүмийн хойт ууланд байрлаж байсан Жа лам Дамбийжанцан
нарт түүдэг галын дохио өгснөөр Ховдыг чөлөөлөх байлдаан соёмбот
тугийн дор эхэлж байсан түүхтэй.
Ийнхүү
эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцсэн баатарлаг гавьяаг мөнхжүүлэх,
түүхэн үйл явдлыг үнэлэх зорилгоор Ардын хувьсгалын 20 жилийн ойн баярыг
тохиолдуулан БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн
зарлигаар тус ууланд “Баатархайрхан” цол олгожээ. Хожим 1970 оны үед Ховд
аймгийн анхны шугам зургийн мэргэжлийн багш Б.Гомбо Баатархайрхан уулын
энгэрт соёмбо урласан байна.
Энэ
талаар Монгол Улсын гавьяат ойжуулагч Н.Цэндсүрэн: “Багшийнхаа хийсэн
соёмбыг бид сэтгэл зүрхэндээ нандигнаж явдаг шүү. 1970 он буюу 10 дугаар ангийн
сурагч байх үед Тоосгон заводоос шохой зөөж, Б.Гомбо багш минь ватум
цаасан дээр нямбайлан зурсан соёмбыг Батархайрхан ууланд урлаж байхад
бид хамтдаа байсан” гэж хуучиллаа.
Харин
Б.Гомбо багшийн гэргий Н.Бадамханд ”Тухайн үеийн аймгийн товчоо
захиргааны хурлаар орж энэхүү соёмбыг хийх болсондоо хань минь их баяр
хөөр болж билээ” хэмээн ярьж байв.