ХАА-н гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн экспортлох “Нэг цонхны систем” нэвтрүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн экспортлох “Нэг цонхны систем”-ийн хөгжүүлэлтийн шат дуусаж, холболт туршилтыг эхлүүлээд байна. Албан ёсны нэвтрүүлэлтийг энэ сард багтаан хийхээр бэлтгэж байгааг ХХААХҮЯ мэдээлэв.
Экспорттой
холбоотой зохицуулалтын бүх шаардлагыг биелүүлэхийн тулд нэг системээр
дамжуулан төрийн байгууллагуудад мэдээлэл солилцох боломж олгох, экспортлогч аж
ахуйн нэгжүүдийн экспортын зөвшөөрөл бүрдүүлэхэд энэ систем чухал үүрэгтэй.
“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Нарандэлгэр ярихдаа, “ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэгээр ахлуулан ХХААХҮЯ, ГХЯ, ГЕГ, МЭЕГ, СХЗГ, ММХ, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн оролцоо бүхий бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг мах, махан бүтээгдэхүүнийг экспортлоход шаардах баримт бичгийн бүрдүүлбэрийн давхардлыг арилгах, экспортын үйл ажиллагаанд оролцогч төрийн болон ТББ-ын ашиглаж буй цахим системийг “Нэг цонхны систем”-д холбох техникийн шинэчлэлийн санал боловсруулж, системийн хөгжүүлэлт хийж байна. Одоогоор зөвхөн мах, махан бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагаанд анхаарч байгаа ч цаашид улсын хилээр гарч буй хөдөө аж ахуйн гаралтай бүх түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох үйл ажиллагаанд энэ системийг ашиглана” гэжээ.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээг 2021 онд 70 мянган тонн, 2022 онд 90 мянган тонн, энэ онд 120 мянган тонн, ирэх онд 150 мянган тоннд хүргэхийг зорилт дэвшүүлээд байгаа билээ.
ХАА-н бирж
нь төрийн өмчит компани бөгөөд
салбарын шинэчлэл, түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн дэд бүтцийг
сайжруулах, малчин, тариаланч, хоршоо, боловсруулах үйлдвэрүүдийн хооронд зуучлалын үйл ажиллагааг
дэмжиж ажилладаг. Блокчэйн технологид суурилсан
арилжаа, төлбөр тооцооны систем ашиглан биржийн арилжааг зохион байгуулж, худалдагч, худалдан авагчдыг
холбосон мэргэжлийн брокерууд тус системээр арилжаанд оролцдог. Биржийн зах
зээлд арилжиж буй бараа, түүхий эд нь стандартын шаардлага хангасан учраас чанарын
баталгаа, төлбөр тооцооны найдвартай систем, экспортын шаардлагаас хамаараад
дотоодод үйлдвэрлэлийн нэмүү өртөг шингээх боломж олгодог давуу талтай аж. Өнгөрсөн онд өссөн дүнгээр 1.1 их наяд
төгрөгийн арилжааг зохион байгуулжээ.