ХОВД: Шатрын багш, дасгалжуулагч, шүүгч бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-23 18:02:55

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ховд аймагт Шатрын багш, дасгалжуулагч, шүүгч бэлтгэх сургалт зохион байгуулж эхэллээ.

Сургалтад 15 сумын төлөөлөл 30 хүн оролцож байгаа бөгөөд Ховд аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж байгаа Шатрын 2023 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээний мэргэжлийн шүүгчид, зохион байгуулагчид дээрх сургалтын үйл ажиллагааг чиглүүлж, туршлага хуваалцаж байна. 

Шатар тоглох нь хүүхдийн хөгжил, төлөвшилд өндөр ач холбогдолтой бөгөөд хүний сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг. Иймээс шатрын спортыг орон нутагт хөгжүүлэхийн зэрэгцээ энэ чиглэлийн багш мэргэжилтэн, дасгалжуулагч, шүүгч бэлтгэх ажлыг Ховдынхон чухалчилж байна. 

Сургалтын үйл ажиллагаа 2023 оны 5 дугаар сарын 23-28-ны өдөр үргэлжилнэ. Сургалтын явцад тэмцээний шүүгчийн үүрэг, шатар тоглоход анхаарах зүйлс, шатрын бодлого бодох аргачлал, хүүхэдтэй ажиллах арга барил, шатрын оноолт хийх программ гэх мэт сэдвээр мэргэжилтнүүд мэдээлэл танилцуулж, зөвлөмж түгээнэ.  

Сонирхуулахад, Ховд аймгийн хэмжээнд шатрын спортыг дэмжиж ерөнхий боловсролын 25 сургуульд 500 ширхэг шатар олгохоор шийдвэрлэсэн гэж Шатрын холбооноос мэдээллээ. Өөрөөр хэлбэл, нэг суманд 20 ширхэг шатар бэлэглэх юм.

 

 

Холбоотой мэдээ