ДОРНОГОВЬ: Анагаахын сургуулийг төгсөгчид ажил, амьдралын харгуйд хөл тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-05-26 13:52:17

Дорноговь /МОНЦАМЭ/. АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургууль энэ жилийн төгсөгчдийн хонхны баяраа зохион байгуулж, амьдралын их харгуйд үдэн гаргалаа.

Тус сургууль энэ жил хүний их эмч, сувилагч, эм найруулагч, лабораторийн техникч мэргэжлээр нийт 166 оюутан төгсжээ. 1960-аад оноос хөдөө орон нутагт бүс дундын тодотголтой тусгай мэргэжлийн сургуулиуд байгуулах шийдвэр гарсны дагуу БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1962 оны 4 дүгээр сарын 18-ны 200 дугаар тогтоолоор Монгол орны зүүн өмнөд хязгаарт орших Дорноговь аймгийн Сайншанд хотод зүүн бүсийн аймгуудыг эх баригч - бага эмч, сувилагчаар хангах чиг үүрэгтэй Монгол Улсын эрүүл мэндийн салбарын ууган сургуулиудын нэг Анагаах ухааны дунд сургууль байгуулагдсан түүхтэй.

Тус сургууль 1991 онд  Анагаах ухааны их сургуулийн харьяа Анагаах ухааны коллеж, 1996 онд  АУИС-ийн харьяа Анагаах ухааны эрдэм шинжилгээний сургалтын төв, 1997 онд АУИС-ийн харьяа Анагаах ухааны коллеж, 2004 оноос ЭМШУИС-ийн харьяа Дорноговь аймаг дахь Анагаах ухааны коллеж, 2010 оноос ЭМШУИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургууль, 2014 оноос АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь Анагаах Ухааны салбар сургууль болтлоо өргөжсөн 61 жилийн түүхтэй сургууль юм.

Өнгөрсөн 61 жилийн түүхэн хугацаанд Дорноговь аймаг дахь Анагаах ухааны сургууль 1337 их эмч, 5062 эх баригч - бага эмч, сувилагч 754 бакалавр сувилагч,151 бакалавр эх баригч, 174 лаборантын техникч, 493 эм найруулагч мэргэжлээр нийт 7971 мэргэжилтэн  бэлтгэж  зүүн болон төвийн бүсийн аймгуудын боловсон хүчний  80 хувийг хангаад байгаа аж.

Мөн Дорноговийн Ангаахын сургуулийг зорин ирж суралцсанаар энэ нутагтаа үлдэж амьдралын гараагаа эхэлсэн олон зуун төгсөгч байдаг төдийгүй бүс нутгийн хөгжил дэвшил, хүн амын өсөлт, суурьшилд ч тус сургууль тодорхой үүрэг нөлөө үзүүлж иржээ.

Холбоотой мэдээ