СҮХБААТАР: Соёлын сэргэлтийн талаар хэн юу хэлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-05-29 17:25:29

Баруун-Урт /МОНЦАМЭ/. "Соёлын сэргэлт-2023" аян тус аймгийн хэмжээнд 5 дугаар сарын 27-ноос эхлэн хэрэгжиж байна. Бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлж, соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий тус аяны талаар салбарынхан ийн хэлжээ.

Зураач, МУУГЗ Ё.Бадарч

Соёлын сэргэлтээр энэ салбарын төрийн бодлогыг төрөлжүүлэх хэрэгтэй. Тухайлбал, орон нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын төлсөн татварыг соёл урлаг, соёлын өвийг хамгаалах, шинэ уран бүтээл хийхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор нэгдсэн сан байгуулбал манай салбарынханд бодит дэмжлэг болно.

Хөгжмийн зохиолч, МУУГЗ Ш.Батсайхан

Соёлын яамтай болсон нь хамгийн зөв алхам гэж би боддог. Одоо бид бодлогоо зөв тодорхойлж, хөдөө орон нутаг, гадаадад Монголын соёл урлаг, ёс уламжлалыг сурталчлах хэрэгтэй. Соёлын сэргэлт аян бол энэ том ажлын эхлэл юм.


Яруу найрагч, Болор цомын эзэн Б.Батсайхан

Урлаг бол амьдрал. Бидний идэж уух, өмсөж зүүх, тоглож наадах бүгд урлаг. Зөвхөн дуучид, хөгжимчид, бүжигчдээр урлагийг тодорхойлохгүй. Мөн соёл бол илүү өргөн ойлголт. Тиймээс соёлын сэргэлт аянд монгол хүн бүхэн оролцож, соёлоо хөгжүүлж, урлагийн үнэ цэнийг дээшлүүлэх хэрэгтэй. 

Холбоотой мэдээ