ТӨВ: Нээлттэй өдөрлөгөөр Алтанбулаг сумын 80 гаруй иргэн үйлчилгээ авав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-06-02 16:50:37

Зуунмод /МОНЦАМЭ/. Улсын бүртгэлийн хэлтэс Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газартай хамтран 5 дугаар сарын 31-нд нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр давхардсан тоогоор нийт 80 гаруй иргэнд зөвлөгөө мэдээлэл өгсөн байна.


Үүнд: Гадаад паспортын бүртгэл 3, тоон гарын үсгийг 50 иргэнд олгож, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 30 гаруй мэдүүлэг нотлох баримтыг хүлээн авч нийт 25 газар өмчлөлийн гэрчилгээ, 5 үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг бичиж иргэдэд хүлээлгэн өгч ажиллажээ.

 

Энэ үйлчилгээний ач холбогдлын талаар сумын мэргэжилтнээс тодруулбал, “Алтанбулаг сум нь аймгийн төвөөсөө илүү Улаанбаатар хоттой ойр учраас хотоос үйлчилгээгээ авах нь элбэг. Сумын төвд байгаа иргэд төрийн үйлчилгээг авах бүрэн боломжтой байдаг хэдий ч алслагдсан багт оршин суугаа иргэдийн хувьд төдийлөн эдгээр үйлчилгээг тоохгүй орхигдуулах хандлагатай байдаг. Тоолгүй явсаар гэнэтхэн л бичиг баримтууд нь хэрэг болдог юмуу гэмээр ханддаг учраас ийм төрлийн нэгдсэн үйлчилгээг үзүүлэх хэрэгцээтэй байв. Хэдий төрийн үйлчилгээ цахимжсан ч иргэд төдийлөн хэрэглэх тал дээр суралцаагүй байна. Иймд өнөөдөр энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаа нь иргэдэд хүртээмжтэй байгаа мэт санагдаж байна” гэв.  


Холбоотой мэдээ