А.Гутерреш: Хуванцар бохирдлоос ангижрахын тулд дэлхий нийт нэгэн цул болох ёстой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
odondarjaa@montsame.gov.mn
2023-06-05 14:33:22

НЬЮ-ЙОРК. /un.org/. Олон улсын хэлэлцэгч талууд хуванцар бохирдлоос ангижрах тухай гэрээний төслийг 11 дүгээр сар гэхэд боловсруулж дуусгах үүрэг хүлээсэнтэй холбоотойгоор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш өнөөдөр тохиож буй Дэлхийн байгаль орчны өдөрт зориулсан илгээлтдээ хуванцар хог хаягдлын "гамшигт" үр дагаврыг даамжруулахгүй байхын чухлыг онцоллоо.


“Жил бүр дэлхий даяар 400 сая тонн хуванцар хаягдаж байгаа бөгөөд гуравны нэг нь зөвхөн нэг л удаа хэрэглэгддэг” гэж А.Гутерреш хэлсэн байна.


Бичил хуванцрууд бидний идэж буй хоол хүнс, ууж буй ус ундаа, түүгээр ч барахгүй амьсгалж буй агаарт байгааг тэрбээр онцлон тэмдэглэжээ.


"Хуванцрыг олборлодог түлшээр хийдэг тул бид хэдий чинээ хуванцар үйлдвэрлэж байна төдий хэмжээгээр олборлодог түлш шатааж, уур амьсгалын хямралыг дордуулж байна" гэж НҮБ-ын тэргүүн хэлээд гэхдээ бидэнд шийдлүүд бий, тухайлбал, өнгөрсөн долоо хоногт таван өдөр үргэлжилсэн хэлэлцээний дараа 130 гаруй улс хуванцар хаягдлыг бууруулах талаар заавал дагаж мөрдөх дүрэм журам боловсруулахыг дэмжсэнийг дурджээ. 


"Энэ бол олон зүйлийг амласан эхний алхам боловч бид бодитоор хэрэгжүүлэх хэрэгтэй байна" гэж тэрбээр хэлээд хэрэв хүн төрөлхтөн хуванцрыг дахин ашиглах, дахин боловсруулах, хуванцраас татгалзахын тулд яг одооноос арга хэмжээ авбал хуванцар бохирдлыг 2040 он гэхэд 80 хувиар бууруулах боломжтойг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн (UNEP) шинэ тайлан харуулж байгааг цохон тэмдэглэсэн байна.  


"Бид хуванцраас хараат байдлаасаа салж, хог хаягдалгүй байхын төлөө тэмцэж, жинхэнэ хог хаягдалгүй эдийн засгийг бий болгохын тулд Засгийн газрууд, компаниуд, хэрэглэгчид нэг цул болон ажиллах ёстой. Хамтдаа цэвэр, эрүүл, бүх хүнд илүү тогтвортой ирээдүйг бүтээцгээе" гэж А.Гутерреш хэлжээ.


НҮБ-ын мэдээллээр, жил бүр дэлхий даяар 400 сая тонн хуванцар хог хаягдал хаягдаж байгаагийн тэн хагас нь нэг удаагийн хэрэгслүүд бөгөөд дөнгөж 10 хувийг нь дахин боловсруулж байна.


Түүнчлэн жил бүр 2200 ширхэг Эйфелийн цамхгийн жинтэй тэнцэхүйц хэмжээний буюу 19-23 сая тонн хуванцар хог хаягдал гол мөрөн, нуур, далай тэнгист хаягдаж байна.

Холбоотой мэдээ