ХОВД: Ц.Болормаа: Эрчим хүчний байгууламжид аюулгүй ажиллагааны дүрэм баримтлах нь чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-06-08 10:36:54

Жаргалант /МОНЦАМЭ/.  Эрчим хүчний салбарт ажиллаж байгаа инженер, техникийн ажилтнуудын төлөөлөл болох "Ховд цахилгаан түгээх сүлжээ" ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (ХАБЭА)инженер Ц.Болормаатай уулзаж, ажилтнуудын аюулгүй ажиллагааг хэрхэн хангаж байгаа тухай ярилцлаа

ХАБЭА гэдэг нь хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн эрсдэлээс хамгаалах үйл ажиллагаа, зохион байгуулалт, эмчлэх, сувилах, нөхөн сэргээх үйл явц юм.


"Ховд цахилгаан түгээх сүлжээ" ХХК нь 100 гаруй ажилтантай.  Ховд аймгийн төв болон 16 сумын хэмжээнд 354 ширхэг дэд станц, 719.7 км цахилгаан дамжуулах агаарын шугамын засвар, үйлчилгээ, ашиглалтыг хариуцан ажилладаг. 


-Хамт олны эрүүл, аюулгүй байдлыг хангахад ХАБЭАинженерийн үүрэг чухал байр суурь эзэлнэ. Тэгэхээр энэ хариуцлагатай ажлаа хэзээнээс хийж эхэлсэн бэ?

-Би эрх зүйч, цахилгааны инженер мэргэжилтэй. Тус компанийн Борлуулалтын албанд анх авлагын байцаагчаар ажилд орсон. 2014 оны нэгдүгээр сард ХАБЭА-н инженерээр томилогдон, өнөөдрийг хүртэл ажиллаж байна.  2015 онд ХАБЭА-н хуульд нэмэлт өөрчлөлт орж, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой мэргэшсэн хүн ажиллах хуулийн заалт орсон. Иймээс мэдлэг, чадвараа дээшлүүлэх үүднээс ШУТИС-ийн цахилгаан системийн инженерийн ангид элсэн суралцаж төгсөөд, ажилтнуудад хууль, дүрэм сахиулж хяналт тавьж ажиллаж байна.  

-Таны ажлын онцлог? 

-Мэдээж би бусдад тавьдаг шаардлагадаа өөрөө бүрэн тэнцдэг, зарчимч, шаардлагаа зөв тавьдаг байх ёстой гэж боддог. Цахилгаан эрчим хүчний байгууламжид ажиллаж байгаа хүн бүрийн хийх ажлын онцлогийг судалж, шуурхай ажиллагаа болон аюулгүй ажиллагааны тусгай үүрэг хүлээгч ажилтнуудын ажил хоорондын уялдаа холбоог сайн мэддэг байх нь чухал. Өөрөөр хэлбэл, ХАБЭА-н инженер нь өөрөө цахилгааны инженер, эрх зүйч  мэргэжилтэй байх нь  давуу тал болдог. Хуулиа ашиглаж мэддэг. Бас дээрээс нь маш сайн сэтгэл зүйч байх хэрэгтэй болдог.

-Яагаад сэтгэл зүйч гэж?

-Эрсдэл гэдэг хүний сэтгэл зүйтэй холбоотой. Хүн ажлаа хийж байхдаа сэтгэл санааны хувьд тогтвортой байснаараа хийж байгаа зүйлдээ илүү сайн төвлөрч, аюулгүй байж чаддаг. Харин эсрэгээрээ бие нь ажлын байран дээрээ байгаа ч ухаан санаа нь өөр газарт байхад эрсдэл гарах магадлал маш өндөр. Тийм болохоор цахилгаан эрчим хүчний байгууламжид ажиллаж байгаа хүмүүсийн ар гэрийнхэн хүртэл үүнийг мэддэг байх хэрэгтэй. Тэр хүнд ажлын цагаар гэнэтийн огцом сэтгэл хөдөлгөх мэдээ хүргэхгүй байх, хэрүүл маргаан хийхгүй байх нь чухал байдаг. Би хамт ажиллаж байгаа хүмүүсийнхээ сэтгэл зүйг мэдрэх, хэнийх нь ар гэрт асуудал гарав гэх мэтчилэн сэтгэл зүйн хувьд тогтворгүй байгаа эсэхийг ажиглаж, зөвлөн туслахыг хичээдэг.

-Эрчим хүчний салбарт анх ажилд орохоор ирж байгаа залуусыг хамгийн түрүүнд угтан авдаг хүн бол та. Байгууллагынхаа шинэ ажилтныг хэрхэн хүлээн авдаг вэ

-Ажилд орсон шинэ ажилтан тушаалаа бариад надаас урьдчилсан шатны зааварчилгаа авахаар анх удаа орж ирдэг.  Шинэ ажилтан бүрийг өлгийдөн авч компаниа танилцуулж, зааварчилгааны агуулгын дагуу аюулгүй ажиллах арга барилд сургаж, сургалт мэдээлэл өгч харилцан ярилцаж нэгнийгээ таньж мэдэх нь хамгийн чухал. Шинэ ажилтныг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд оруулж, үзлэгээр эрүүл мэнд нь тэнцсэн тохиолдолд зааварчилгаа өгч, дараа нь хангамжийн ажилтнаас ажлын хувцас, хамгаалах багаж хэрэгслийг нь олгоод туршлагатай ажилтныг дагалдуулан сургаж авдаг. Энэ зарчмын дагуу л ажилласаар ирсэн.   

-Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллана гэдэг хууль тогтоомж мөрдөхөөс эхэлнэ. Та ажлынхаа туршлагаас хуваалцана уу? Хамт олны дунд эерэг хандлага төлөвшүүлэхэд ХАБЭА-н инженер ямар үүрэгтэй вэ? 

-Ер нь хариуцлагын систем ярихаасаа илүү үл буруутгах зарчмыг баримталж, хэн нэгэн хохирох, осол гэмтэлд орохоос сэргийлж ажилладаг.  ХАБЭА-н хууль, дүрэм журам, шаардлагыг компанид хэвшүүлнэ гэдэг нь хамгийн эхлээд удирдлагууд өөрсдөө үлгэрлэн мөрдөж, ач холбогдол өгснөөр хэрэгждэг зүйл. Манай компанийн хувьд удирдлага, ажилтан гэлтгүй хүн бүр аюулгүй ажиллагааны дүрэм баримталдаг учир энэ нь миний ажилд дэмжлэг болж байна. ХАБЭА-н асуудалд бүх хүнийг оролцуулахын тулд ажилтан, албан тушаалтнууд ХАБЭА-н ажилд оролцох үүргийг хуваарилж, хийх ажлыг нь тодорхой болгох нь миний ажлын бас нэгэн үүрэг юм.   

-Ажлаа хийхдээ юунаас урам зориг авдаг вэ?

-Миний ажил осол гарсны дараа биш, урьдчилан сэргийлж чадаж байвал хамгийн том амжилт болохоор цахилгаан эрчим хүчний  байгууламжид ажиллаж буй хүмүүсийн аюул, осолгүй ажилласан өдөр бүр надад урам зориг болдог. Мөн хамт олны халуун дулаан уур амьсгал, нэг нэгнээ дэмжсэн сэтгэл нь надад эрч хүч өгдөг болохоор ажлаа аз жаргалтайгаар дурлаж хийдэг.

-Та салбарынхаа мэргэжил нэгт ажилтнуудад хандаж юу хэлэх вэ?  

-Илч гэрлийг түгээж, айл гэрт аз жаргал бэлэглэж байдаг их айлын  түүхийг бичилцэж яваа үе үеийн инженер, техникийн ажилтнуудад Ховд аймгийн эрчим хүчний зүрх нь болсон эрчим хүчний салбарынхаа тулах цэг, бахархлын эзэд та бүхнээрээ ямагт бахархаж явдаг шүү. Ажлын амжилт, эрүүл энхийг хүсье. 

-Ярилцсанд баярлалаа. 

Холбоотой мэдээ