БАЯН-ӨЛГИЙ: Нийт гэмт хэргийн 45,8 хувь нь аймгийн төвд үйлдэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-06-08 14:54:29

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт оны эхний 5 сард 181 гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 36 гэмт хэргээр буюу 24,8 хувиар өсөв. Нийт гэмт хэргийн 150 нь хөнгөн, 31 нь хүнд байна.


Гэмт хэргийн төрлөөр нь авч үзэхэд хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 2, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 17, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 5, халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг 3, нийтийн ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 4, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 2-оор тус тус нэмэгджээ.


Үйлдсэн байдлын хувьд 24 гэмт хэргийг согтуугаар, 4 гэмт хэргийг галт зэвсгээр, 16 гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн аж. Мөн хүүхэд, эмэгтэй хүн оролцсон тус бүр 14 гэмт хэрэг байгаа.


Нийт 181 гэмт хэргийн 83 нь аймгийн төвд, 28 нь цахим орчинд үйлдэгдсэн ажээ. 

Холбоотой мэдээ