Монголын тогтвортой хөгжилд юу саад болдог вэ?

ТОЙМ
uranatuya@gmail.com
2023-06-08 21:27:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол Улсад тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх үр дүнтэй засаглал” үндэсний зөвлөгөөн Улаанбаатар хотноо болж байна. Зөвлөгөөнд Монгол Улсын Засгийн газрын дунд түвшний удирдлагууд, НҮБ-ын удирдлагууд, олон улсын мэргэжилтнүүд болон бусад улсын албаны хүмүүс цахим болон танхимын хосолсон хэлбэрээр оролцож байгаа юм.


Засаглалыг сайжруулахгүйгээр аливаа хөгжлийн асуудлыг ярихад бэрх. Төрийн тогтолцоо, төрийн албаны үйл ажиллагаа, төрийн бодлогыг цогцоор хөгжүүлэхийн тулд засаглалын оновчтой хэлбэрийг олж хэрэгжүүлэх нь хамгийн чухал. Манайд урт хугацааны бодлого хэрэгждэггүйн учир шалтгааныг ярилцах, туршлага хуваалцах, арга шийдэл юу юм гэдгийг олон талаас нь хэлэлцэх томоохон арга хэмжээ энэ болж байна.  Зөвлөгөөнийг Удирдлагын академи, Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг,  НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газар (UN DESA), Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)  хамтран зохион байгуулж байна.  Сургалт, зөвлөгөөн зургаадугаар сарын 7-13-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд эхний өдөр нь Удирдлагын академийн багш нарт зориулсан тогтвортой хөгжлийн зорилтыг төрийн албан хаагчдад хэрхэн үр дүнтэй хүргэх аргачлалын талаарх сургалт болсон юм.


НҮБ-ын мэргэшсэн байгууллагуудтай хамтарч хийдэг маш үр дүнтэй, туршигдсан олон төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг сааруулж байдаг гол шалтгаан нь манай улс засаглалын хувьд учир дутагдалтай байгаа явдал гэж үзэх боломжтой. Энэ тухай Удирдлагын академийн захирал, доктор Д.Сүрэнчимэг зөвлөгөөний үеэр хэлсэн. Нэг ёсондоо илүү үр дүнтэй, харьцангуй тогтвортой зөв засаглалыг бий болгох зайлшгүй шаарлага манайд бий. 


Тогтвортой хөгжлийг бий болгоход ямар асуудал саад болж байгаа болон “Алсын хараа-2050" бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай засаглалын чадавхыг хэрхэн яаж бэхжүүлэх, төрийн албан хаагчдын гүйцэтгэх үүрэг, оролцоо хэр чухал болох ойлголтыг энэ арга хэмжээгээр өгөхийг зорьж байгаа юм. Түүнчлэн семинарын үеэр оролцогчид үндэсний болон орон нутгийн засаглал, институцийн зохицуулалт, эрсдэлд суурилсан засаглал, сэтгэлгээний өөрчлөлт, стратегийн удирдлага болон Тогтвортой хөгжлийн зорилтыг /ТХЗ/ хэрэгжүүлэхэд чиглэсэн төлөвлөлттэй холбоотой тулгардаг асуудлуудын талаар цогц мэдлэгтэй болох юм. Мөн тодорхой сэдвийн хүрээнд олон улсын сайн туршлагыг танилцуулж, үндэсний болон орон нутгийн түвшинд ижил төстэй үйл ажиллагаа явуулахад эдгээр туршлага, сургамжийг хэрхэн ашиглаж болох талаар оролцогчид санал бодлоо хуваалцах, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлсэн багийн ажлуудыг сургалтын хүрээнд зохион байгуулна.


Төрийн алба зөв бүтэцтэй байх нь засаг захиргааны үйл ажиллагаа, тогтвортой хөгжилд маш их нөлөөлж байдаг. Тогтвортой хөгжил харин засаглал тогтвортой байхыг ихээхэн шаардаж байдаг байна. Ялангуяа манайх шиг сүүлийн 30 жилд Засгийн газраа 15 удаа сольсон, гүйцэтгэх засаглалын хямрал тасралтгүй үргэлжилсээр байгаа улс оронд хөгжил тогтвортой, ахицтай байх боломжгүй гэдгийг зөвлөгөөнд оролцогчид санал нэгтэй хүлээн зөвшөөрч байна. Хэрэв улс төрийн нөхцөл байдал тогтвортой байгаад хөгжлийн сайн туршлагыг амжилттай хэрэгжүүлж буй улс орнуудын жишээгээр зөв механизмд шилжиж чадвал бодлого төлөвлөгөө үр дүнд хүрч засаглал сайжрах боломжтой гэдгийг мөн дурьдаж байна. Азийн улс орнуудаас БНСУ, Филиппин улсын засаглалаа хэрхэн сайжруулсан сайн туршлага  нь Монголын нөхцөлд илүү тохиромжтой, хэрэгжих боломжтой жишээ аж.  


Монгол Улсад урт хугацааны бодлого хэрэгжихгүй байгаа шалтгаан нь салбарын бодлогын уялдаа холбоо муутай, улс төрийн нөлөө оролцоо их байгаатай ихээхэн холбоотой. Гэвч Засгийн газрын зүгээс тэрхүү алдааг засаж, уялдааг сайжруулах тал дээр анхаарч байгаа нь ажиглагдаж эхэлснийг энэ арга хэмжээний үеэр зарим оролцогч онцолсон. 


Манай улсын хувьд нийт хүн амын талаас илүү хувь нь нийслэлдээ төвлөрсөн, засаглалын онцгой хэлбэрийг шаарддаг. Тийм ч учраас аль аймаг хотод ямар үйл ажиллагаа явуулбал илүү тохиромжтойг тусгайлан судлах, нутаг орон тус бүрт тохирсон бодлого хэрэгжүүлэх нь орон нутгийн хөгжилд бодит үр дүн авчрах юм гэдгийг  НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын дарга Ж.Должинсүрэн тайлбарлав. Мөн тэрбээр, яг өнөөдрийн тухайд манай улс бүх хүчээ засаглалын системээ сайжруулахад чиглүүлэх нь чухал гэдгийг онцлон хэлсэн.


Харин НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра,  Монгол Улс цар тахлыг амжилттай даван туулж, эдийн засгаа сэргээхэд ахицтай ажиллаж байгааг онцлоод ТХЗ-г хэрэгжүүлэхийн тулд улс төрийн зоригтой алхмууд хийх хэрэгтэй гэдгийг чухалчлан хэлсэн юм. НҮБ-аас “Монгол Улсад хэрэгжүүлэх тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” нэртэй баримт бичгийг боловсруулан, ирэх таван жилд хэрэгжүүлэхээр ажиллаж эхлээд байгаа. Энэ баримт бичигт, Эдийн засгийн хөгжлийн сайд, Гадаад харилцааны сайд, НҮБ-ын Суурин зохицуулагч нар өнгөрсөн оны 5 дугаар сард гарын үсэг зурсан билээ. Таван жилийн хугацаанд үргэлжлэх эдгээр стратегийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын байгууллагууд, НҮБ хамтарсан хороо байгуулсан бөгөөд жил бүр үр дүнгээ танилцуулж байх юм.


Аливаа хөгжлийн асуудлыг шийдэхэд төрийн зөв ухаалаг оролцоо онцгой үүрэг гүйцэтгэдэг. Басхүү илэрч байгаа асуудлыг зохицуулах гэж ажиллах биш, бэрхшээлийн уг шалтгаан, нөлөөлж байгаа хүчин зүйл юу гэдгийг олж илрүүлэх аргачлал нь чухал билээ. Харин төр өөрөө энэ бүхнийг хэрхэн хийх ёстой, ямар ямар зарчмуудыг баримтлах хэрэгтэйг заан чиглүүлсэн маш үр дүнтэй сургалт зөвлөгөөн Удирдлагын академийн байранд үргэлжилж байна.

Засаглал, төрийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх цогц хөтөлбөртэй энэхүү үндэсний зөвлөгөөн гурван үндсэн сэдвийн хүрээнд явагдах юм. Сургалт,

-Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх үр дүнтэй үндэсний болон орон нутгийн засаглал,

-Бодлогын уялдааг хангахад чиглэсэн институцийн зохион байгуулалт болон засаглалын чадамж,

-Хэвлэл, мэдээллийн ажилтнуудад зориулсан сургалт буюу онцгой байдал, гамшгийн эрсдэлийг бууруулж, дасан зохицох чадвартай эрсдэлд суурилсан удирдлага болон дэвшилтэт технологи гэсэн сэдвийн хүрээнд үргэлжилнэ. Цуурхал, худал мэдээ маш хурдан түгдэг болсон энэ цагт, улс орнууд улам бүр нягтран ойртож буй өнөө үед хүмүүсийг үнэн зөв, найдвартай мэдээллээр хангах нь хамгаас чухал учир энэ арга хэмжээгээр дамжуулан хэвлэл мэдээллийнхийг чадавхжуулахыг илүүд үзэж байгаа аж.


Манай улсын тогтвортой хөгжилд тулгарч буй гол саад бэрхшээл нь засаглалын бүх түвшинд үр дүнтэй, хариуцлагатай, хүртээмжтэй оролцоо бүхий байгууллагууд дутагдаж байгаа явдал гэж үздэг байна. Монгол Улсын Засгийн газар нь төлөвлөлт, төсөвлөлт, хяналтын арга хэрэгсэл, үйл явц, механизмаа ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд чиглүүлж, тэдгээрийн уялдааг хангахын төлөө тууштай ажиллаж байгаа юм. "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт ирэх 30 жилийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлон тусгасан. Тухайлбал оновчтой бүтэц зохион байгуулалт бүхий төрийн албыг төлөвшүүлэн, цахим технологид суурилсан, иргэн төвтэй төрийн үйлчилгээг бүрэн нэвтрүүлж, төр-хувийн хэвшил-иргэний нийгмийн түншлэлийг бүх түвшинд өргөжүүлэн, хүний эрхийг дээдэлсэн, шударга ёсны тогтолцоо төлөвшсөн, авлигагүй улс болохыг зорино гэдгээ тунхагласан байдаг.


Монгол Улс эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн гурван хүрээнд тодорхой ахиц дэвшил гаргасан хэдий ч хөгжлийн олон сорилт байсаар байна. Байгууллагын чадавх сул, санхүүжилт дутмаг зэрэг нь ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд гол бэрхшээл болж байна. Энэ нь нотолгоонд суурилсан, жендерийн мэдрэмжтэй, зохицуулалт сайтай, уялдаа холбоо бүхий бодлого төлөвлөлт болон хэрэгжилтийг хангахад нөөцийг хангалттай хуваарилж, үр ашигтай зарцуулж чадахгүй байгаагийн илрэл аж. Хэдийгээр авлигатай тэмцэх Засгийн газрын үйл ажиллагаа эрчимжиж, шүүхээр шийдвэрлэгдсэн авлигын хэрэг нэмэгдэж байгаа боловч, олон салбарт авлига байсаар байгаа нь иргэдийн төрд итгэх итгэлийг сулруулж байна. Түүнчлэн, шийдвэр гаргах явцад бодлогын уялдаа, зохицуулалтыг хангаж чадахгүй байгаа нь тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд саад болсоор байгаа билээ. 



Холбоотой мэдээ