Эрик Трифт: Нүүдэлчин огт өөр нийгмийн хэв шинжийг тодорхойлох шинж чанар байхаа больсон
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. ЮНЕСКО-гийн ивээл дор зохион байгуулж буй “Нүүдэлчдийн ёс зүй, соёлын харилцан ойлголцол” олон улсын эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн Номын санд болж байна.
Нүүдэлчдийн ёс зүй ба соёл
хоорондын ойлголцлын нарийн уялдаа холбоог судлах, соёлын олон янз байдлын
баялгийг хэлэлцэх, нүүдэлчдийн ёс зүйн ач холбогдлыг түгээн дэлгэрүүлэх
зорилготой 6 дугаар сарын 22-23-нд болох тус хурал соёл хоорондын харилцан ойлголцол, үр дүнтэй
хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц болно гэж зохион байгуулагчид үзэж байна.
Тус хуралд 26 орны 80 гаруй илтгэгч Төв, дотоод Ази төдийгүй дэлхий хэмжээн дэх нүүдэлчдийн нийгэм, соёлын өөрчлөлтийн талаар хэлэлцэж буй юм.
Хуралд Кэмбрижийн их сургуулийн багш Дэвид Снийт “Монгол орон, ёс суртахууны соёл, нүүдэллэхүйн домог зүй” илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ, “Нүүдэлчин соёл иргэншил” гэдэг ойлголт нь нүүдэлчин ахуй соёл иргэншилтэй маш нийцтэйгээс гадна соёл иргэншлийн онцгой нэгэн төрөл бөгөөд үүний хамгийн гайхамшигтай жишээ нь Монгол юм. Нүүдэлчин гэдэг нь огт өөр нийгмийн хэв шинжийгтодорхойлох шинж чанар байхаа больсон бөгөөд хөдөө аж ахуй, хот суурин газартай харилцаа хамааралтай, мал аж ахуйд суурилсан улс төрийн эдийн засагт хамаарах нэршил гэх саналыг би дэвшүүлж байна. Үүний нэгэн адил, соёлын тогтвортой, хийсвэр хамтын хэлбэр гэж үзэхийн оронд тогтворгүй, нийгмийн ертөнцийг эмх цэгцтэй болгох өсөн нэмэгдэх норматив төслүүдийн хуримтлал гэж үзэх боломжтой юм” хэмээн дурдав.
Канадын Виннипегийн их сургуулийн антропологийн багш Эрик Трифт, “Манай сургуулийн антропологийн тэнхим монгол ноолуурын салбарт ажиллаж ноолуур ба соёл сэдвээр судалгаа явуулж байгаа. Онцлог тал нь соёлын талаас нь авч үзэж судалж байгаа. Дэлхийд тогтвортой, нийгэмд ээлтэй, органик бүтээгдэхүүн зэрэг хэд хэдэн стандарт бий боловч уг стандартад соёлын үзүүлэлт ховор байдаг. Ноолуурын зах зээл монголын малчдад хэрхэн нөлөөлж, монголын соёлд тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалт хийж байгаа учир нүүдлийн соёл иргэншлийг хадгалж хамгаалах талаар тус стандартад соёлын үзүүлэлтийг оруулах талаар судалж байна. Гадаадын компаниуд ноолуур авах, сурталчилгаа хийхдээ түүний цаана ямар хүмүүс, ямар соёл байгаа талаарх мэдээллийг худалдан авагчдад дамжуулдаггүй. Тухайлбал, Канадад бид ноолуур худалдан авахдаа итали бүтээгдэхүүн гэж ойлгодог. “Италид үйлдвэрлэв” гэсэн шошготой бүтээгдэхүүн их бий. Гэтэл уг бүтээгдэхүүн монгол малчны гараас гарсан, цаана нь маш их хөдөлмөр орсон, агуу соёлтой гэдгийг мэддэггүй. Энэхүү бүтээгдэхүүнийг борлуулахдаа ийм соёл, ард түмэн байна гэдгийг хэрхэн танилцуулах вэ гэсэн асуудал тавигдаж байна. Сурталчилгааг хийхдээ НҮБ-ын ЮНЕСКО-гийн Соёл, боловсрол, шинжлэх ухааны байгууллагаас гаргасан соёлын өвийн жагсаалт, Монгол Улсын Засгийн газрын хамгаалбал зохих соёлын өвийн хэд хэдэн агсаалт бий. Эдгээр жагсаалтыг түшиглэн хамгаалбал зохих, олон улсад сурталчилбал зохих зүйлсийг тодорхойлж болно гэж үзэж байна” гэв.
Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир, Соёлын сайд Ч.Номин, БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш болон эрдэмтэн судлаачид оролцов.
Хоёр өдөр үргэлжлэх тус хурлын хүрээнд Уран зургийн галерейд энэ сарын 23-нд “Гарваль” үзэсгэлэн, энэ сарын 24-нд Гүүний үрс гаргах ёс ба унаганы баярыг Гүн галуутад зохион байгуулах юм.