АРХАНГАЙ: Төрийн албан хаагчдыг чадавхжуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-07-03 13:01:00

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан үр дүнд суурилсан удирдлагыг нэвтрүүлэх хүрээнд орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлт, төсөв боловсруулалт, тайлагналт, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан төрийн албан хаагчдыг арга зүйгээр хангаж, чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн “Үр дүнд суурилсан удирдлага” сургалтыг зохион байгууллаа.


“Үр дүнд суурилсан удирдлага” сэдэвт сургалт нь аймаг, орон нутгийн албан хаагчдыг үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, тайлагнал гэсэн цогц агуулгын хүрээнд чадавхжуулахаар бүсчилсэн байдлаар орон даяар зохион байгуулж буй.  


Тус сургалтад аймгийн хөгжлийн бодлого төлөвлөлт, төсөвлөлт, тайлагнал, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан 100 гаруй төрийн албан хаагч хамрагдлаа.


Монгол Улс 2012 оноос хойш хөтөлбөрт суурилсан төсөвлөлтийг нэвтрүүлэн, хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичгүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулан, хөгжлийн бодлогын нэгдмэл байдлыг хангах зорилгоор Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг 2015 онд боловсруулан батлуулж, улмаар 2020 онд шинэчлэн найруулж Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай нэртэйгээр батлан хэрэгжүүлж, бодлого төлөвлөлтийг төсөвлөлттэй уялдуулах чиглэлд багагүй хүчин чармайлт гаргаж, тодорхой амжилт, туршлага хуримтлуулаад байгаа.


Цаашид хязгаарлагдмал нөөцөө илүү үр дүнтэй, үр ашигтайгаар оновчтой хуваарилж, урт, дунд хугацааны хөгжлийн зорилгодоо амжилттай хүрэхийн тулд үр дүнд суурилсан удирдлагын тогтолцоог бүх шатанд нэвтрүүлэн хэрэгжүүлэх зайлшгүй хэрэгцээ, шаардлагатай тулгараад байгаа юм.


Энэ хүрээнд Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” техник туслалцааны төсөл нь 3 дахь жилдээ Монгол Улсын Засгийн газар, харьяа яам, орон нутагт дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.


Тухайлбал, бодлого төсвийн уялдааг хангах үүднээс Эдийн засаг хөгжлийн яам дээрх төсөлтэй хамтран “Улсын жилийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах аргачлал”, “Аймаг нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөө боловсруулах аргачлал”, “Хөгжлийн зорилтод хөтөлбөр боловсруулах аргачлал”-ыг тус тус баталж, улс даяар үр дүнд суурилсан бодлого төлөвлөлтийг нэвтрүүлэх боломжийг бүрдүүлээд байна.

Холбоотой мэдээ