“Найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-07-09 18:13:38
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров нар өнөөдөр “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа.


“Найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын Хамтарсан тунхаглал”-д:

Талууд найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид  өргөжүүлэн бэхжүүлэх хүсэл эрмэлзлээ нотолж, дараах зүйлийг тохиров. Үүнд:

  • Улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, хүмүүнлэг болон бусад салбарын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд аливаа саад тотгор байхгүйд сэтгэл хангалуун байгааг тэмдэглэв.
  • Харилцан итгэлцэл, хүндэтгэл, эрх тэгш, харилцан ашигтай, бүх талын хамтын ажиллагааны үндсэн дээр харилцан сонирхсон асуудлаар харилцан дэмжлэг үзүүлэхээ нотлов.
  • Олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлаар ижил төстэй байр суурьтай байгаагаа тэмдэглэж, НҮБ, Дэлхийн худалдааны байгууллага, ШХАБ, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал зэрэг олон улсын болон бүс нутгийн байгууллагын хүрээнд бие биеийн санаачилгыг  үргэлжлүүлэн харилцан дэмжихээ илэрхийлэв.
  • Ядуурлыг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ногоон хөгжлийг урагшлуулах чиглэлээр бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээ мэдэгдэв.
  • Терроризм, экстремизм, мансууруулах бодисын хууль бус эргэлт, хууль бус зэвсгийн худалдаа, хил дамнасан гэмт хэрэг, цахим гэмт хэрэгтэй тэмцэж, Төв Азийн аюулгүй байдал, энх тайван, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах эрмэлзлээ нотлов.
  • Дэд бүтэц, зам тээвэр, эрчим хүч, аж үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрлэл, уул уурхай, цахимжуулалт, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр болов.
  • Мал аж ахуй, мал эмнэлэг, ургамлын эрүүл ахуйн салбар болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, машин механизм, хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэхээр болов.
  • Монгол Улсаас Киргиз Улсад мах, махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, ноос, арьс шир нийлүүлэх, Киргиз Улсаас Монгол Улсад хөдөө аж ахуйн таримал бүтээгдэхүүн нийлүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв.
  • Хоёр орны аж ахуйн нэгжүүд нэхмэл, оёдлын салбарт шууд харилцаа тогтоож байгааг сайшааж, Монголын тал Киргизийн оёдлын үйлдвэрийн түүхий эдийг нийлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
  • Агаарын тээврийг сэргээж, далайд гарцгүй орнуудын хувьд тээвэр, дамжин өнгөрөх харилцааг хөгжүүлэхийн төлөө шаардлагатай арга хэмжээ авахаар болов.
  • Ах дүү хотын харилцаа тогтоох, хоёр орны ард түмний харилцааг өргөжүүлэхийн чухлыг онцлов.
  • Шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний хамтарсан судалгаа, туршлага солилцоход дэмжлэг үзүүлэхээр болов.
  • Монгол, Киргизийн ард түмний түүх, соёл, оюун санааны болон биет өвийн талаар хамтарсан судалгаа хийх сонирхолтой байгаагаа нотлов.
  • Монгол Улсын “Тэрбум мод”, Бүгд Найрамдах Киргиз Улсын “Ногоон өв” зэрэг үндэсний төсөл, хөтөлбөрүүдийг харилцан уялдаатай хэрэгжүүлэхээр тогтов.
  • Соёл, хүмүүнлэгийн солилцоог идэвхтэй дэмжиж, боловсрол, соёл, спорт болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болов.
  • Хоёр улсын их, дээд сургуульд монгол, киргиз хэл судлалын чиглэлээр оюутан солилцож, сургахаар тохиролцов гэжээ.

Мөн энэхүү айлчлалын хүрээнд:

  • “Байгаль орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээр”,
  • “Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээр”,
  • “Гэмт хэрэгтэй тэмцэх салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Дотоод хэргийн яам хооронд хэлэлцээр”,
  • “Ойн экосистемийг хөгжүүлэх салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Киргиз Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”,
  • “Ургамлын хорио цээрийн талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Киргиз Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээр”,
  • “Ах дүүгийн харилцаа тогтоох тухай Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Бүгд найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хот хоорондын хэлэлцээр” зэрэг Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд холбогдох сайдууд болон нийслэл хотын удирдлагууд гарын үсэг зурлаа.


Холбоотой мэдээ