ДОРНОГОВЬ: “Алтгана -2023” баруун бүсийн баяр наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-07-12 12:00:26

Дорноговь/МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Мандах, Сайхандулаан, Дундговь аймгийн Өндөршил сумын хамтарсан “Алтгана -2023”  баруун бүсийн баяр наадам  энэ оны долоодугаар сарын 08-09-нд боллоо.


Дээрх сумд хуучнаар Түшээт хан аймгийн Ачит гүний хошуунд харьяалагдаж байсан бөгөөд эдүгээ газар нутгаараа хаяа залган оршдог аж.


Хөрш зэргэлдээ сумдын хамтын ажиллагааг өргөжүүлэн сурталчлах, уламжлалт ёс заншлаа дээдлэн, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор зохион байгуулсан наадамд хүчит 64 бөх зодоглож Мандах сумын харьяат залуу бөх Мөнхбатын Хосбаатар түрүүлж сумын заан цол, Мандах сумын харьяат сумын начин Отгонтөмөрийн Чойжамц үзүүрлэж начин цолоо баталлаа.


Үндэсний сурын харваанд нийт 39 харваач оролцож цэц мэргэнээ сориход эрэгтэйчүүдээс Дундговь аймгийн Хулд сумын уугуул спортын мастер, аймгийн мэргэн Наранцэцэгийн Эрдэнэбаатар тэргүүлсэн байна.Харин эмэгтэй харваанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын спортын мастер Болдбаатарын Учрал түрүүлэв. Мөн наадмын үдэш урлаг соёлынхны хамтарсан үдшийн цэнгүүн болж  наадамчин олон наадмын үдшийг дуу хууртай, инээд наргиантай сайхан өнгөрүүлжээ.

Холбоотой мэдээ