“James Webb” сансрын дурангийн шинэ зургийг нийтэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2023-07-13 09:26:48

ВАШИНГТОН. /NASA/. АНУ-ын сансар судлалын NASA агентлаг “James Webb” дуран авай сансрын уудмын анхны зургаа авснаас хойш нэг жил болж байгааг тохиолдуулан түүний илгээсэн шинэ зургийг нийтэлжээ.


Энэхүү гайхалтай зурагт дэлхийгээс 390 гэрлийн жилийн зайд орших “Rho Ophiuchus” мананцрын дунд од үүсэн бий болж буй агшин буужээ. Одон орон судлаачид энэ зургийн тусламжтайгаар сансар огторгуйн энэ хэсгийг нарийвчлан судлах боломжтой гэж NASA мэдэгдсэн байна.


“Webb”-ийн авсан зураг оддын үүслийн мөчлөгийн богино үеийг шинэ, ялгац сайтай зургаар харах боломжийг бидэнд олгож байна” гэж NASA -гийн эрдэмтэн Клаус Понтоппидан хэлжээ.


“James Webb” сансарт даалгавраа биелүүлээд нэг жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд одон орон судлаачдад Орчлон ертөнц хэрхэн үүссэнийг харах боломжийг олгосон хосгүй зургуудыг дэлхий рүү илгээжээ. 


АНУ-ын сансар судлалын NASA агентлаг, Европын сансрын агентлаг (ЕКА) болон Канадын сансрын агентлагийн (CSA) хамтран бүтээсэн уг дуран авайг 2021 оны 12 дугаар сард Францын Гвиан муж дахь Куру сансрын буудлаас “Ariane 5” зөөгч пуужингаар хөөргөсөн билээ.


1961-1968 онд NASA-г удирдаж байсан Жеймс Уэббийн дурсгалд зориулан ийн нэрлэсэн энэхүү дуран нь нэг онцлогтой бөгөөд анх удаа дэлхийн тойрог замд бус дэлхийгээс 1.5 сая км-ийн алсад байрлан ажиллаж байгаа юм.

Холбоотой мэдээ