ДОРНОГОВЬ: Үерийн усанд сэтэрсэн замыг засварлаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-07-17 07:19:03

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн нийт нутгаар энэ  сарын 13-наас эхлэн орсон усархаг борооны улмаас УБТЗ-ын Өргөн сум дахь 39 дүгээр зөрлөг хоорондын замын далан үерийн усанд угаагдаж, Сайншандаас Хамарын хийд явах авто зам борооны улмаас сэтрээд байгаа тул зорчих хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаад байна.


Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж тодорхой шийдвэрийг гаргаад байгаа юм. Аймгийн Засаг дарга О.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг Хамарын хийд чиглэлийн хатуу хучилттай авто замыг шуурхай сэргээн засварлах, гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээг зохион байгуулж буй. 


Тээврийн хэрэгслээр иргэдийг эрсдэлгүй зорчуулах, зам маршрутыг шинээр гаргахад Зүүнбаянгийн Зэвсэгт хүчний 336 дугаар анги, Дэлгэрбаясах зам ХХК, Дорноговь аймгийн АЗЗА ТӨХК-ийг дайчлан ажиллаж байна. Иргэдийг тогтоосон маршрутын дагуу сэрэмжтэй зорчихыг анхааруулж байна хэмээн орон нутгаас мэдээлэв.


Аялал, зугаалга, баяр амралтын өдрүүд эхэлсэнтэй холбогдуулан үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор хот хооронд болон хөдөө орон нутагт батлагдаагүй зам маршрутаар зорчихгүй байх талаар санамж, сэрэмжлүүлэг байршуулах, иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэж ажиллахыг  холбогдох албаныханд тус тус үүрэг болгожээ. 

Холбоотой мэдээ