ДОРНОГОВЬ: Хутаг уул

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-07-17 08:32:16

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн байгалийн болон түүхийн гайхамшигт газраас цувралаар толилуулж байна.


Энэ уулын тухай Хөвсгөл сумын Соёл, спортын төвийн дарга Э.Оюунцэцэгийн бэлтгэснээр хүргэе. Хөвсгөл сумаас баруун урагш 80 км-д оршдог эртний нэгэн хайрхныг Хутаг уул гэнэ. Энэ уул Номхон далайтай залгаас хэлхээ бүхий гүехэн боловч асар их хэмжээний дотоод тэнгисийн ёроолоос 900 сая жилийн өмнө Хутаг уул үүсэж өргөгдсөөр 800 сая жилийн өмнө тэнгис татран ширгэж хуурай газар болоход орчин тойрон, ойр холд бүрэн бүтэн сүндэрлэн гарч ирсэн хэмээн судлаачид үздэг байна. 


Хутаг уул нь далайн түвшнээс дээш 1436 метрт өргөгдсөн Дорноговь аймгийн хамгийн өндөр уул юм. Хойд мөсөн далай, Атлант, Энэтхэгийн далай 200 сая орчим жилийн өмнө үүсэж, тэнгэр баганадсан Гималайн нуруу зөвхөн 30 гаруй сая жилийн өмнө дөнгөж бий болж байсан гэж үзвэл Хутаг уул үүнээс ч өмнө эртний өвгөн буурал хайрхан байжээ. Тиймээс Хутаг уул нь сүлд тахилга бүхий онгон дархан шүтээн, сахиус болж тахигдсаар иржээ.


Газар нутаг, уул усны домог ёсоор Хутаг уулын эзэн савдаг нь хар хүрэн хүрэм гэзэг үстэй эр хүн байсан аж. Тэр хүн харийн зүгийн савдаг боловч түүнд мах, архи, чихэр, жимс сэлтээс гадна сүү, цагаан идээ өргөн барьж болдог байжээ. Эзэн савдаг нь Богдхан уулын зүүн хойт хэсгийн нэгэн бага уулын эзний охинтой гэрлэсэн учир тэнд Хутаг овоо гэж нэрлэсэн тахилгатай овоо бий. Хар хүн хатан овоо дээрээ үе үе очиж заримдаа нэлээд удтал саатан эзгүй байдаг гэсэн домогтой.


Хутаг уул говь нутгийн олон жижиг уул толгодын ноён хайрхан юм. Эрт дээр үед зун нь хур бороо оролгүй гандаж, өвөл нь зуд нүүрлэсэн хэцүүхэн үед ойр орчмын хүн мал отроор алс нүүдэллэхэд нэгэн эмгэн өвгөнтэйгээ нутаг сахин хоцорчээ. Нөөцөлсөн хоол хүнсээ идсээр урин цагтай золгож гэнэ. Нэг өдөр хилэн хар морьтой, хар хүрэм өмссөн, өндөр нуруулаг, гэзэгтэй сайн эр ирж мэнд ус мэдэлцэн зочилсонд хэдэн сар хүний бараа хараагүй өвгөн хөгшин хоёр ихэд баярлан байгаа хоолоороо дайлж цайлжээ.


Ирсэн зочин баярлаж талархаснаа илэрхийлээд “Танай нутаг одооноос эхлээд ган зудад нэрвэгдэхгүй түмэн олон чинь, мал сүрэг бүхэн дэлгэр сайхан байх болно” гээд мордоод явжээ. Тэр түүхэн үеэс хойш Хутаг уул хайрхны эргэн тойронд ган зуд үүсээгүй ус бэлчээр тэгширч олон арван жил өнгөрсөн түүхэн домог байдаг аж.


1918 онд хүчтэй салхи шуурга ширүүсч Хутаг уулын өнгө төрх нь өөрчлөгдөн ган нүүрлэх шинж нутгийнханд мэдрэгдсэн болохоор гярхай ажигч монголчууд Дэрсэн усны хэсэг лам хуврага, банди нараар овоог буулгуулбал ваар дүүрэн хар хорхой гарч түүнийг зүүн урд бэлд булуулж овоог шинэчлэн сэргээж, тал бүрд цэрэг овоотой болгож ном хурсанаар өөрчлөгдсөн гэдэг. Учир нь муу санаатнууд хараал бясалгал хийж уулын эзэн савдгийг хилэгнүүлж эхэлсэн хэрэг байжээ.Тэр түүхэн үеэс хойш Хутаг уул хайрхны эргэн тойронд гачаал үүсээгүй ус бэлчээр тэгширсэн бөлгөө.


Де-Нейчи консервани олон улсын байгаль хамгаалах байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн газар, дэлхийг Цаг уурын байгууллагаас гаргасан 30 жилийн дундаж үзүүлэлтийг ашиглаж, агаарын температур хур тунадасны хэмжээг сар сараар тодорхойлдог бөгөөд энэ үзүүлэлтээр Хутаг уул орчмын газар нутгийг харьцуулан гаргахад сарын дундаж температур нэгдүгээр сард хасах 15.3  хэм, долоодугаар сард нэмэх 22.1  хэм, жилийн дундаж нь нэмэх 4.4 хэм, хур тунадасны хэмжээ 12 дугаар сард 0 мм, долоодугаар сард 52.7 мм, жилийн дундаж нь 185.7 мм байна.


Хутаг уул орчмын эзлэх талбайг говийн экосистемийн ангилалтай давхцуулан харьцуулж үзэхэд тус нутгийн 88.5 хувь нь хээрийн цөлийн ангилалд багтанаХутаг уул орчмын ургамлын ангилал нь заримдаа сөөгөнцөр бутлаг үетний ба таанат говь хээрийн умард хэв шинжтэй чулуулаг, алаг өвс, боролзой, хянганат бүлэглэлд багтдаг.


Уулаар тархсан амьтдын хувьд, сибирь малтаахай, дэлдэн зараа, бор туулай, хөх шишүүхэй, соколовын шишүүхэй, орог-зусаг, элсний зусаг, өөхөн сүүлт атигдаахай, монгол даахай, говийн алаг даага, шар чичүүл, хадны барагчин, түвд ов, сохдой огтоно, эрээн хүрэн,  цагаан үен, хярс, мануул, шар үнэг, чоно, халздай дорго, цагаан зээр, хар сүүлт зээр, аргаль угалз, монгол хулан зэрэг байна.


Хөхтөн амьтдаас хулан, хар сүүлт, атигдаахай зэрэг нь Монгол Улсын “Улаан ном”-ын 1987, 1997 оны жагсаалтад орсон. Чоно мануул хулан нь зэрлэг амьтад, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын  хоёрдугаар хавсралтад бүртгэгдсэн байдаг.


Мөн чоно, шар үнэг, хярс, мануул нь ховордож болзошгүй, сибирь малтаахай, өөхөн сүүлтэй атигдаахай, говийн алаг даагын мэдээлэл дутмаг бол хар сүүлт зээр, хулан нь эмзэг гэсэн ангиллаар орсон байна.

Холбоотой мэдээ