Мөнгөн тэмдэгт урлаач Ц.Минжүүрийн бүтээлүүдээр үзэсгэлэн нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-08-04 14:28:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол зургийн нэрт төлөөлөгч, бурхач зураач, мөнгөн тэмдэгт урлаач, “Уран” хэмээн алдаршсан Ц.Минжүүрийн мэндэлсний 111 жилийн ойн хүндэтгэлийн үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейд энэ сарын 4-нд нээлээ.


Үзэсгэлэнг нээж Монголын Уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа хэлэхдээ, “Мөнгөн тэмдэгтийн эх хувийг зохион урлаж түүхэнд алдаршсан зураач, Бурханы тиг зургийн арга барилаар зурагдсан монгол зураг гээд залуу, хойч үе бидэндээ олон гайхамшигт бүтээл төдийгүй урлагаар дамжуулан сурган хүмүүжүүлэх, соёлыг өвлүүлсэн хүн бол зураач Ц.Минжүүр юм. Ахмад уран бүтээлчдийн маань туурвисан сор бүтээлүүд Монголын Уран зургийн галерейн  алтан сан хөмрөгийн 90 гаруй хувийг эзэлдгээс Ц.Минжүүрийн бүтээлүүд томоохон байр суурийг эзэлдэг.

XX зуун төдийгүй Монголын дүрслэх урлагийг түүнгүйгээр төсөөлшгүй билээ. Зуунд нэг төрөх ийм агуу хүний 111 жилийн ойн хүндэтгэлийн үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерей зохион байгуулж байгаад туйлын баяртай байна. Мөн энэхүү үзэсгэлэнг нээхэд  үнэтэй хувь нэмэр оруулсан, урьд өмнө олны  хүртээл болж байгаагүй бүтээлүүдийг нандигнан дээдэлж өдгөө хүрсэн Ц.Минжүүр гуайн ах дүүс, үр хойчид баярлаж бахархаж байгаагаа хэлэх нь зүйтэй” хэмээв.


Үзэсгэлэнд Монголын Уран зургийн галерей болон МУЭ-ийн сан хөмрөг, гэр бүл, үр хойчид нь хадгалагдаж буй эх бүтээл, эскиз зураг бүхий 60 гаруй бүтээлийг толилуулж байна. Энэхүү үзэсгэлэнгээс 1, 3, 5, 10, 25, 50, 100-тын дэвсгэртийн эх загвар, хадган дээр зурсан зураг, Цагаан Дара эх, Зэндмэнэ эрдэнийн даллаганы хайрцаг, угалзан хээтэй алтаар өнгөлж зүмбэрлэсэн бурхан, тахилын гүнгэрваа, мөнгөн цөгц, тахилын хэрэгслүүд, урт наст, дөрвөн хүчтэн дүрсэлсэн гурван шургуулгатай шүүгээ зэрэг "Уран"  хэмээн алдаршсан Ц.Минжүүрийн бүтээлүүдийг үзэх боломжтой.


Энэ удаагийн үзэсгэлэн зураач Ц.Минжүүрийн 100 жилийн ойд зориулан 2012 онд зохион байгуулж байсан үзэсгэлэнгээс зөвхөн түүний Монгол зургийн бүтээлээр зогсохгүй түүний бүтээсэн бурхан, мөнгөн тэмдэгт болон бусад бүтээлийнх нь эскиз зургийг дэлгэснээрээ онцлог юм.


Зураач Ц.Минжүүр 1912 онд Засагт хан аймгийн Сэцэн Сартуул хошуу буюу одоогийн Завхан аймгийн Завханмандал сумын Мандал багийн нутаг Гашууны худаг хэмээх газар мэндэлжээ.

1918 оноос Тэгшийн хүрээнд шавилан сууж багаасаа бурханы тиг зургийн арга, их бага арван ухаанд суралцаж хосгүй авьяас билигээрээ алдаршсан нэгэн байв.

Ц.Минжүүр 1963 оноос БНМАУ-ын шинэчлэгдсэн мөнгөн тэмдэгт зурах ажилд томилогдон НАХЯ, Улсын Банкны Ерөнхий Хорооны хатуу чанд хяналтын дор 1, 3, 5, 10, 25, 50, 100-тын дэвсгэртийн эх загварыг зохион урласан юм.


Тэрээр тухайн үеийн үзэл суртлын хатуу чанга цагдалтыг тойрч гарахын тулд арслангийн дүрсийг уран нарийн хээ мэт харагдахаар зурсан гэдэг. Үүний учир нь Монголчууд арслангийн зурагтай авдрыг гэрийнхээ хойморт тавьж орон гэрээ аюул осол, гай түйтгэрээс хамгаалуулдаг уламжлалтай холбожээ. Үүнээс Монгол зураачийн ур ухаан мэдрэгддэг. Үе үеийн мөнгөн тэмдэгтүүдээс хамгийн утга билэгдэл төгөлдөр нь Мөнгөн тэмдэгт урлаач Ц.Минжүүрийн урласан Мөнгөн тэмдэгт гэж хэлж болно.

1969 оноос Гандантэгчинлэн хийдэд бурханч, зураач болжээ. Тэрээр уран бүтээлээ туурвихдаа бурханы тиг зургийн аргыг ашиглан маш нарийн арга хийцтэй зурдаг байснаараа бусдаас илүү ялгарч, өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгожээ.

Үзэсгэлэн 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийг дуустал үргэлжилнэ.  









Холбоотой мэдээ