ХОВД: Нэвтийн рашаан сувиллын газрын үйл ажиллагааг сэргээнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Дуут сумын Цагаанбургас багийн нутагт байрлах Нэвтийн рашаан нь байгалийн үзэсгэлэнтэй, элэг цөс, ходоод зэрэг 17 нэр төрлийн рашаан, усны ундаргатай юм. Үүнд тулгуурласан рашаан сувилал, амралтын газар нь 1974 онд ашиглалтад оржээ.
Тус газар нь гурван өрөө бүхий нэг байртай, нэг удаад 15 хүн хүлээн авах багтаамжтай. Хүндэтгэлийн гэр (шавар), соёл, урлагийн үйл ажиллагаа явуулах нэг заалтай. Ховд аймгаас зүүн урагш 63 км, Дуут сумын төвөөс зүүн хойш 15 км зайд бий.
Гэвч
өнгөрсөн онд цахилгааны гэмтлээс шалтгаалан тус рашаан сувиллын газрын тодорхой
хэсэг нь шатаж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Уг
асуудлыг орон нутгийн зүгээс шийдвэрлэж, Нэвтийн рашаан сувиллын газрын үйл
ажиллагааг сэргээхээр болсон талаар Ховд
аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Өөрөөр
хэлбэл, орон нутгийн өв соёлыг түгээх,
рашаан, амралт сувиллын үйл ажиллагааг сэргээх, аялал жуулчлалыг хөгжүүлэх
зорилгоор сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй зарлан явууллаа. Үүний дагуу “Жимэкс агро” ХХК-иас нэг тэрбум
найман зуун тавин сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, тус рашаан сувилал, амралтын газрын үйл
ажиллагааг сэргээхээр санал ирүүлэн, шалгарчээ. Одоо түрээсийн гэрээ
байгуулахаар талууд бэлтгэл хангаж байна.