“Нүүдэлчин” их наадмыг 60 мянга орчим хүн зорин иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
uranatuya@gmail.com
2023-08-21 11:26:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн нүүдэлчид Монголд чуулж өв соёлын их наадмаа хийлээ. Нүүдэлчдийн залгамж, өвлөн уламжлагчид нэгэн дор чуулж соёлын биет бус өвийн их наадмаа энэ жил  Улаанбаатар хотын Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт орших “Тайж хайрхан”-ны “Нүүдэлчин” их наадам гурван өдрийн турш үргэлжиллээ.


Нүүдлийн соёлын илэрхийлэл болсон соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах нь нүүдэлчин соёлт улс орнуудын төдийгүй дэлхийн хүн төрөлхтөний анхаарлын төв дэх асуудал мөн гэж үзэх болсон билээ. Энэ ч утгаараа нүүдлийн ахуй амьдралын өвөрмөц хэв маяг, соёлын биет бус өвийг дэлхийд таниулах, түгээн дэлгэрүүлэх, нүүдлийн соёл иргэншил бүхий орнуудын соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ач холбогдлоо өгөх энэ арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болж байгаа юм. 


Их наадмыг Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 183 дугаар тогтоолын дагуу, 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан олон улсын гэсэн тодотголтойгоор зохион байгуулсан. Фестивальд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн өвлөн уламжлагчдаас гадна ахуй соёл нэгтэй ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд Найрамдах Халимаг Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны төлөөлөгчид болон ОХУ-ын Якут Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Унгар Улс зэрэг 10 гаруй улс орны төлөөлөгчид болон дипломат төлөөлөгчийн газрууд, ЮНЕСКО-ийн олон улсын байгууллагуудын төлөөлөл, нийтдээ 1100 гаруй өвлөн уламжлагч оролцсон юм. Ийнхүү нүүдлийн ахуйн уламжлал соёлтой улс орнуудыг нүүдэлчдийн их наадамд урьж оролцуулснаар Монгол орны талаарх болон нүүдлийн ахуй, соёлын онцлогийг дэлхий дахинд эергээр сурталчлах соёлын томоохон арга хэмжээ болж чадлаа гэж зохион байгуулагчид, оролцогчид үзэж байна. Мөн Монгол Улсыг зорин ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр үзүүлэх гол арга хэмжээнүүдийн нэг болох боломжтой юм.    

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газраас “Нүүдэлчин” их наадмыг санаачлан зохион байгуулсан  Нүүдэлчин наадамд 21 аймаг, нийслэлийн өвлөн уламжлагчид тус тусын отогтоо язгуур урлагийн тоглолтоо сонирхуулсны зэрэгцээ уригдан ирсэн нүүдэлчин соёлт улс орнуудын өвлөн уламжлагчид мөн өөр өөрсдийн тоглолтоо толилуулсан. Наадмын хүрээнд Хурдан морьдын уралдаан, бөхийн барилдаан, сур харваа зэрэг үндэсний спортын 15 төрлийн уралдаан тэмцээн, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч 200 орчим аж ахуйн нэгжийн үзэсгэлэн худалдаа, орон орны 9 үндэстний уламжлалт хоол хүнс, идээ ундааны үзэсгэлэн худалдаа зэрэг 30 гаруй хөтөлбөр, 700 гаруй үзүүлбэр, арга хэмжээ багтаж байлаа.


Нүүдэлчин дэлхийн соёлын фестивальд Соёлын өвийн бүтээлч үйлдвэрлэл, уламжлал шинэчлэл, баялаг байдал, Соёлын биет бус өвийн олон төрөл зүйлийг түгээн дэлгэрүүлэх, илэрхийлэх хэлбэр, язгуур өв соёлоо дээдэлж, зохион байгуулалттай оролцсон, таниулан сурталчлахад амжилттай оролцсон аймгуудыг шалгарууллаа. Шилдэг аймгуудад Баянхонгор, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Төв аймгууд шалгарав.


Монгол Улсын төлөөллийн болон Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн 7 ай савын 362 төрөл зүйлийг 21 аймаг, нийслэлийн шилдэг өвлөн уламжлагчдын зан үйл, ахуй байдал, язгуур урлагийн тоглолт, гар урлалын үзэсгэлэн, соёлын биет бус өвийг таниулан сурталчилсан  “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг энэ жил давхардсан тоогоор 60  мянга орчим хүн зорин ирж сонирхсон байна.

Манай улс Соёлын биет бус өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн 2003 оны конвенцид 2005 онд нэгдсэн бөгөөд өөрийн нутаг дэвсгэр дээрх соёлын биет бус өвийг хамгаалах үүргийг олон улсын өмнө хүлээдэг билээ.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Үндэсний оюун санаа, өв соёл, сэтгэлгээнд тулгуурласан бүтээгч монгол хүн төвтэй нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан тэргүүлэх улс болно”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Соёлын өвийг дэлхий дахинд сурталчлах чиглэлээр олон улсын арга хэмжээг зохион байгуулна”, “Байгаль, түүх, соёлын аялал жуулчлалын эвент арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж, цар хүрээг өргөжүүлнэ” гэсэн байдаг.

Мөн соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түүнийг өвлөн уламжлагчийг тодруулах, алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан, түгээн дэлгэрүүлэх зорилгоор гурван жил тутам улсын хэмжээнд соёлын биет бус өвийн их наадмыг зохион байгуулж байхаар “Соёлын өвийг  хамгаалах тухай хууль”-д заасан.

Холбоотой мэдээ