ХОВД: Нутгийн 27 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-08-30 14:22:17

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн 2023-2024 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлсон дүн мэдээллийг мэргэжлийн байгууллагууд танилцууллаа.

2023-2024 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн арга зүйг боловсруулж, багийн нутгаар нь тооцоолж, зураглалыг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнд боловсруулан гаргажээ.

Аймгийн хэмжээнд зуншлагын байдал 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт нутгийн 40 орчим хувьд хэвийн. 60 гаруй хувьд дунд зэргийн буюу гандуу зуншлагатай байсан.   


Ихэнх нутгаар бэлчээрийн ургамлын бүтээмж гүйцээгүй, тачир сийрэг, нэгжийн ургац муу, нийт сумын малын тоо хэт их байгаа нь бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарах гол шалтгаан болжээ.


Аймгийн дүнгээр нийт нутгийн 27 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой.

Харин нутгийн 39 орчим хувь нь 1-3 дахин хэтэрсэн, 34 гаруй хувьд бэлчээрийн даац гурваас дээш олон дахин хэтэрч, мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй гарчээ.    


Сум, багийн дүнгээр авч үзвэл: Эрдэнэбүрэн сумын Шураг, Хонгио, Харус, Мянгад сумын Гахайт, Чацаргант, Баянбулаг, Цагаанбулан, Дөргөн сумын Агваш, Сээр, Өгөөмөр, Чандмань сумын Сүлжээ, Баянхайрхан, Жаргалант сумын нийт нутаг, Буянт сумын Цагаанэрэг, Цагаанбургас, Наранхайрхан, Манхан сумын Баянгол, Зэрэг сумын Хөндлан, Бураа, Мөст сумын Цэцэггол, Улаантолгой, Хужирт, Баянхайрхан, Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан, Баянсудал, Алтай сумын Тахилт, Үенч сумын Хөхүзүүр, Дуут сумын Босго зэрэг сумын төвийн багуудын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч (улаан) гарсан тул мал өвөлжилт,  хаваржилтын нөхцөл хүндрэхээр байна. 

Эрдэнэбүрэн сумын Баянгол, Намарзан, Мянгад сумын Баянхошуу, Ховд сумын Цагаанбургас, Дөргөн сумын Аргалант, Зэрэг сумын Гүвээ багийн нутгаар бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн (улбар шар). 

Ховд сумын Баруунсалаа, Улаанхүрээ, Баянбулаг, Дундус, Мөнххайрхан сумын нийт нутаг, Дуут сумын Хөхбэлчир, Шивэр, Цагаанбургас, Манхан сумын Тахилт, Улаанхүрээ, Ботгон, Чандмань сумын Урдгол, Жаргалант, Тахилт, Талынбулаг, Зэрэг сумын Эхэн, Дарви сумын Булаг, Мөст сумын Давст, Цэцэг сумын нийт нутгаар, Алтай сумын Бодонч, Үенч сумын Нарийнгол, Булган сумын Алагтолгой, Далт, Байтаг багийн нутгаар бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрч (шар) гарсан байна. 

Харин Алтай сумын Алтангадас, Үенч сумын Цагаантүнгэ, Улиаст, Манхан, Зэрэг сумын Зэрэгийн гол дагуух нутгаар бэлчээрийн даац 50 хувийн нөөцтэй гарсан бол Буянт сумын Норжинхайрхан, Алтай сумын Барлаг, Дарви сумын Мөнгөнаяга, Дэлгэр, Үенч сумын Жаргалан багийн нутгаар бэлчээр бага зэргийн хүрэлцээтэй гарчээ. 

Бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан Эрдэнэбүрэн, Мянгад, Буянт сумын хил залгаа аймаг, сумдын даац мөн адил олон дахин хэтрэлттэй гарснаас отор нүүдэл хийх боломжгүй тул өвс, тэжээл сайн нөөцлөх, малын тоог бууруулахыг мэргэжилтнүүд зөвлөлөө. 
 

Харин Дөргөн сумын малчид Завхан аймгийн төв бүсийн сумд руу отор хийх боломж харагдаж байгаа бол Мөст сумын малчид Алтай, Үенч суманд отор нүүдлээр явах боломжтой.  

Б
элчээрийн даац олон дахин хэтэрсэн сумдын өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрхээр байгаа тул тус сумын удирдлагууд, аймаг орон нутгийн зүгээс зөв зохион байгуулалт хийж, эртнээс зудын эрсдэлийг тооцож ажиллах шаардлагатай байна.


Мөн зарим сумын малчид эртнээс малаа зарж борлуулан эдийн засгийн эргэлтэд оруулж, өвс тэжээл худалдан авах, татан байршуулах ажлыг зохион байгуулж ажиллах шаардлагтай гэж  Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. 

Холбоотой мэдээ