Монгол уран бүтээлч Венецийн кино наадмын шилдгээр шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-09-11 09:59:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 80 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадмын Оризонти хэсгийн шилдэг эрэгтэй жүжигчнээр “Сэр сэр салхи” уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн Б.Тэргэл шалгарчээ.

 

Тэрбээр Венец дэх дэлхийн нээлтэд оролцсон хэдий ч шагнал гардуулахаас өмнө Монгол руу буцсан бөгөөд түүнийг төлөөлж продюсер Катя Хазак шагналыг хүлээн авсан байна.

 

Венецийн олон улсын кино наадам дэлхийн хамгийн эртний бөгөөд нэр хүндтэй кино наадмын нэг юм. Жил бүр олон улсын кино урлагийн өнөөгийн байдлыг илтгэх үүднээс дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн сэтгэл хөдөлгөм бөгөөд шилмэл киног сонгож үзэгчдэд танилцуулдгаараа онцлогтой.

 

Залуу найруулагч П.Лхагвадулам, ерөнхий продюсер Ц.Ариунаа, Катиа Хазакын “Сэр сэр салхи” уран сайхны кино нь Соёлын яамны харьяа Монголын Үндэсний кино урлагийн зөвлөлийн "Кино урлагийг дэмжих сан”-гийн санхүүгийн дэмжлэгтэй бүтсэн 11 кино бүтээлийн нэг юм.


Ташрамд дурдахад, найруулагч П.Лхагвадуламын "Есдүгээр сарын цас" богино хэмжээний кино  өнгөрсөн жилийн 79 дэх удаагийн Венецийн олон улсын кино наадмаас шилдэг богино хэмжээний кино шагналыг хүртсэн юм.





Холбоотой мэдээ