"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв"-тэй болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймаг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 3 тэрбум төгрөгийн өртөгтэй, 2 давхар, 1500 м2 талбайтай, бүтэн цутгамал, доороо зоорьтой, эрчим хүчний ухаалаг системтэй "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв"-тэй болно.
Тус төвийг Монгол улсын хэмжээнд Дорнод, Архангай, Хөвсгөл, Ховд, Дундговь, Дархан-Уул гэсэн 6 аймгийг сонгон байгуулах гэнэ. Тус төвийн барилгыг Мөрөн сумын “Сод эрдэм” ахлах сургуулийн зүүн талд барихтай холбогдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, аймгийн Засаг дарга Л.Ганболд, ХАХНХЯ-ы хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэлтсийн дарга Т.Батдулам зэрэг холбогдох хүмүүс оролцсон нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд дэд бүтцээс шалтгаалан нийгмийн харилцаанд тэгш орох боломжгүй байдаг тухайгаа учирлан стандартын төвтэй болох гэж буйд талархаж байгаагаа хэлж байлаа. Тус аймгийн хэмжээнд 6000 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд бий гэсэн тоон үзүүлэлт байдаг бол 1800 нь хүүхэд байдаг гэнэ.
"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв" нь эрт оношилгоо, үйлчилгээ үзүүлэх, хүртээмжийг сайжруулах, мэдлэг олгох, ажил эрхлэх боломжийг олгож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах, оролцуулах, эрх тэгш мэдлэгжүүлэхэд тохиолдож буй саадыг арилгах зорилготой ажээ.
Б.Гантуяа