ДАРХАН-УУЛ: Б.Эрдэнээ: Жимсний талбайгаа газрын диваажин мэт болгохын төлөө хичээж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-09-18 17:00:29

Дархан /МОНЦАМЭ/. Ямар ч ажил эхлүүлсэн түүнийхээ үр шимийг хүртэж, үр дүнг үзэх нь хувь хүний хичээл зүтгэл ихээхэн шаарддаг. Та сонгосон, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах тийм ч сонирхолгүй бол өөрийн хийж чадах, ирээдүйд түүгээрээ амжилт олно гэсэн зүйлээ хийх нь зөв. Учир нь хүн хийж чадах зүйлдээ сэтгэлээ зориулж, түүндээ анхаарлаа хандуулж ажилладаг хэмээн ярих энэ эгэл хүмүүнийг Болдын Эрдэнээ гэдэг.


  

Дархан сумын харьяат бөгөөд гэр бүл, ах дүү нарын хамт арав гаруй жилийн өмнө чацаргана тариалж эхэлжээ. Амьдарч буй багийн нутагт нь жимсний мод тариалах талбай дутмаг тул Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон гуравдугаар багийн нутагт газар авч өрхийн аж ахуйгаа явуулж байна.


Цахилгаанчин мэргэжилтэй тэрбээр БНСУ-д ажиллаж байх хугацаандаа чацаргана тарьж буй иргэдийн тухай нэвтрүүлэг үзэж, улмаар эхнэртэйгээ ярилцаж өрхийн аж ахуй эрхлэх талаар зөвлөлджээ.


Зам дагуу байрлах түүний чацарганын талбай холоос шаргалтан, зөрж өнгөрөх хүн бүрийг жимсээрээ даллах мэт хүлгийн жолоо тэр зүгт өөрийн эрхгүй залагдана.

Талбай руу ороод хүссэнээрээ идэж болно, харин модыг нь хугалж болохгүй шүү хэмээн инээмсэглэн аядуу зөөлөн ярих түүнтэй цөөн хором ярилцлаа.



 

-Сайхан намаржиж байна уу?

-Газрынхаа шимийг хүртэн сайхан намажирж байна. Хашаа руу орж жимс идээрэй. Холоос гоё харагдаж байна уу? /инээв/

 

-Холоос их сайхан харагдах юм аа. Өөрийн эрхгүй танайх руу чиглэлээ. Хэдийнээс эхэлж чацаргана тариалж эхэлсэн бэ?

-Арав гаруй жил болж байна. Гэр бүл, ах дүү нартайгаа анх эхлүүлж байлаа. Бусдын л адил БНСУ-д ажиллаж хөдөлмөрлөж байгаад амралтаа гэртээ ирээд зурагт үзээд сууж байтал чацарганын мод тарьж, ургуулах тухай гарсан. Тэгээд гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад энд газар авч хашаагаа барьж эхлүүлж байсан.

 



-Танай талбайн мод их сайхан ургажээ? Хүмүүс тарихдаа л анхаарал хандуулдаг. Харин хэрхэн яаж арчлах, ургуулах тал дээр хойрго ханддаг юм шиг санагддаг.

-Яг тийм. Тарих нэг өөр. Тарьснаа ургуулна гэдэг маш их хичээл зүтгэл, хөдөлмөр ордог. Анх энэ хэсэг тэр чигтээ элсэрхэг, өвс ногоо гэх зүйлгүй байсан. Одоо өвс ногоо нь хашаанаас цааш гарч цөлжилтийг багасгаж байна. Мод тарихдаа ямар хөрсөнд түүнийг суулгаж, ургуулж байгаагаа судлах хэрэгтэй. Манайх шиг элсэрхэг талбайд бордоо чухал. Дээр нь байгалийн хүчин зүйл, амьтдаас хамгаалах.

 

-Чацарганын мод хэдэн га талбайд тарьсан бэ? Эр, эм модыг сөөлжүүлж тарьдаг гэсэн.

-Хоёр га газарт чацаргана тарьсан. Анх 1000 гаруй модыг гэр бүл, ах дүү нар нийлсэн 30 гаруй хүн бүгд оролцож байсан. Жил бүр бага багаар нэмж тарьсаар байна. Эр мод нь жимс өгөхгүй. Эм мод дангаараа ч ургалт муу. Заавал сөөлжүүлж тарина. Манайх есөн модны дунд нэг эр мод суулгах зарчмаар тарьсан.

 



-Та болон гэр бүлийн хүн тань ямар мэргэжилтэй вэ? Жимс, жимсгэнийн мод тарихад хэнээс суралцав?

-Миний үндсэн мэргэжил цахилгаанчин. Манай эхнэр Дархан захад худалдааны лангуутай.

Мод, жимс тарихад надад багшилсан гэх хүн байхгүй ээ. Ном, телевизийн нэвтрүүлгээс л харж байгаад тарьж байсан. Одоо бол байгаль надад багшилж байна даа. 

 

-Том талбайд олон мод тарих амаргүй. Усалгааг хэрхэн шийдсэн бэ?

-Хүн бүрийн л тарих, ургуулах арга барил өөр байдаг. Миний хувьд хажуудаа гүний худаг байдаг ч түүгээрээ усалгаа хийдэггүй.

Голын усаар талбайн усалгаагаа хийдэг. Яагаад гэвэл голын усыг амьд ус гэдэг. Түүнд байгалийн бордоо нь байдаг. Гүний худгийн усаар шууд услах нь зохимжгүй санагддаг. Хатуулаг ихтэйн дээр наранд бүлээсгэх, эсхүл худгийн ус шавхагдах зэрэг асуудал их.

 


-Ажиллах хүчний тухайд?

-Ер нь өөрөө л өдөртөө ирж хураадаг. Хүүхдүүд амралтаараа, ах дүү нар ажлын зав, чөлөөгөөрөө ирж тусална.

Ажиллах хүчний тухайд олдохгүй юм билээ. Жимс хураах зар тавина. Зарын дагуу ирсэн хүмүүс нэг л өдөр ажиллачхаад дахиж ирдэггүй.

 

-Түүхэд хэцүү юу?

-Анх түүж байгаа хүнд хэцүү л санагддаг. Бид өөрсдөө сурчихсан болохоор одоо тийм ч хэцүү зүйл байдаггүй. Зарын дагуу ирсэн хүмүүс хэцүү юм байна, өргөстэй юм гээд шалтаг хэлэхээс ажил хийх нь ховор юм билээ.

Түүхээсээ илүү навч, жимс хоёроо ялгахад жаахан ажиллагаа ихтэй байдаг.

 


-Чацаргана тарьж ургуулах хүмүүс сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Борлуулалтыг хэрхэн хийж байна.

-Бид хувь хүмүүстэй хамтраад сошиал дээр зар тавьж хүргэлтээр түгээж ажилладаг.

Нэг зүйл хэлэхэд хэн нэгэн хүн аливаа ажил эхлүүлэхэд түүнийг нь дэмжиж, урам өгөх хэрэгтэй. Манай улсад тэр зүйл дутдаг. Нөгөөтэйгүүр тэр тэнд чацаргана тарьсан чинь маш сайн ургаж, их ашигтай юм шиг байна. Хажууд нь газар авъя, эсвэл өөр газар тарьж ургуулъя гэдэг.

Миний бодлоор хүн бүхэн өөрийн хүссэнээ хийх нь зөв. Гэхдээ нэгэнтээ тарьж ургуулаад бидний хэлдгээр хөлөө олчихсон байгаа зүйлтэй шинээр тарьж ургуулаад өрсөлдөх сэтгэл өвөртлөөд байвал утгагүй.




Харин тэнд чацарганын талбай байна. Арвин ургацтай юм чинь түүнийг түшиглээд бүтээгдэхүүний үйлдвэрлэл эхлүүлье гэдэг санаа огт төрдөггүй юм шиг байна дээ.

Дархан хот маш том зах зээлтэй. Хөрөнгө мөнгөний боломжтой олон хүмүүс бий. Энд жимс нь бэлэн байна. Үүнийг боловсруулах үйлдвэр барьж бүтээгдэхүүн үйлдвэрлэх маш том боломж, маш том бизнесийн орон зай байгааг олж хараасай гэж хүсдэг.

 

-Өрхийн аж ахуй эрхэлж буй та бүхнийг орон нутаг, төр засгаас хэр дэмжиж байна.

-Тэрийг сайн хэлж мэдэхгүй байна. Бодлогоор дэмжээд сая хэлсэнчлэн түүхий эд нь байна, үйлдвэр байгуулж ажлын байр нэмэгдүүлэх, хамтын уялдаа холбоог бэхжүүлэхэд илүү анхаараасай гэж хүсдэг.

Хэн тарих нь чухал биш. Хамтдаа нийлж цогц зүйлийг бүтээх нь чухал гэж боддог. Одоогоор орон нутагт төр засгаас анхаарч ажилласан зүйл байхгүй.


 

-Хэдэн төрлийн сорт байдаг вэ? Танайх хэдэн төрлийг тарьсан бэ?

-Зургаан төрлийн сорт байдаг. Манайх хоёр төрлийн сорт тарьсан. Манай сортууд ихэвчлэн шууд хэрэглэх болон шүүс хийхэд зориулагддаг.

 

-Танай гэр бүл “Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд маш том хувь нэмэр оруулж буй хөдөлмөрч өрх байна. Цаашид талбайгаа томруулж мод тарих уу?

-Мэдээж тэгэлгүй яах вэ?. Хүн бүр мод тарьж, түүнийгээ ургуулж чадвал цөлжилтөөс сэргийлж байгалиа сэргээх боломжтой.

Хоёр га талбайд чацарганын модоо тарьсан. Хойд талдаа дахиад цөлжилтөөс сэргийлээд 1000 гаруй мод хавар тарьсан. Зүүн талдаа үхрийн нүд тарьсан. Удахгүй алимын мод тарих гээд хөрсөө бэлдэж байна. Алимыг чацаргана шигээ ургуулахыг зорьж байна даа.




-Таны цаашдын зорилго?

-Талбайдаа ирэх бүрд шүлэглээд өөдөөс ярьж байгаа мэт салхины чимээ нь хүртэл сайхан сонсогддог.

Тийм болохоор газрын шимийг хүртэж яваа хүний хувьд тэнгэрийн диваажин гэдэг шиг газрын диваажинг эндээ бий болгоно доо. Амар, амгаланг цогцлоож хүний гараар бүтээж болох жимсний орон болгох зорилготой хичээж явна даа.

 

-Ярилцсанд баярлалаа танд.

-Биднийг зорин ирсэн танай байгууллагын хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.





 

 

Холбоотой мэдээ